ХЗХ-дыг санаатайгаар дампууруулсан гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

ХЗХ-дыг санаатайгаар дампууруулсан гэв

Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын холбоо болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Одоогоос долоон жилийн өмнө Хадгаламж зээлийн хоршоод дампуурч, 9000 мянган гаруй хүн хохирсон гэдэг. Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын холбооны төлөөлөгчдийг аравдугаар сарын 17-нд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзсан. Үүний дараа Ерөнхий сайдын даалгавраар Хууль зүйн яам болон Засгийн газраас хоёр ажлын хэсэг гарч ажилласан. Энэ ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд хийсэн ажлаа мөн танилцуулсан юм.

Ажлын хэсгийн явцын талаар  Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл танилцууллаа.  Ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд хохирогчдын хохирлыг тухайн үед нь барагдуулах бүрэн боломжтой байсан, мөн эд хөрөнгийг борлуулахдаа хямд үнээр борлуулсан эсэхийг эргэн шалгах шаардлагатай гэж үзсэн байна. О.Алтангэрэл “Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш багагүй хугацаанд энэ хэрэг дээр ажиллаа. Хохирогчдын хохирлыг тухайн үед нь барагдуулж, албан тушаалтнууд нь хариуцлагатай хандаж байсан бол хохирогчдод чирэгдэл учрахгүй байсан. Мөн нуугдмал эд хөрөнгийг эрэн сурвалжлахаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Хамгийн чухал нь ажилдаа хойрго хандаж, эд хөрөнгө, худалдаалалт нь хууль бус болсон байж болзошгүй гэсэн зүйл ажиглагдсан.  Мөн эд хөрөнгийг бага үнээр борлуулсан алдаа, дутагдалтай зүйл байна. Тиймээс дахин нягтлах хэрэгтэй гэж үзсэн. Эрүүгийн цагдаагийн алба, ШШГЕГ-тай хамтран судалж байна. Албан тушаалаа урвуулан ашигласан  байж болзошгүй байна. Хохирогчид таван лицензийн талаар олон удаа ярьж байсан ч хэний эзэмшил дээр байдгийг судалж байгаа юм. Хохирогчидын зүгээс олон гомдол гаргаж байсан. Тухайлбал, барилгын үнийг хямдруулан зарах буюу бага үнэлгээ өгсөн, хэдхэн хүн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн худалдаалж байна гэж гомдол илэрхийлж,  ШШГЕГ,  Хууль зүйн яаманд ч  мэдэгдэж байсан бөгөөд тухай үеийн шүүх, хяналтын байгууллага нь ажиллаагүй,ажилдаа хариуцлагагүй хандсан байдал зэрэг нь энэ хугацаанд ажиглагдлаа” гэсэн юм.

Мөн ХЗХ-ны хохирогчдын холбооноос уриалга гаргаж байгаа юм байна. Уриалгад хадгаламж зээлийн хоршооны нийт хохирогчдыг Хууль зүйн яамны ажлын хэсгийхэнд өөрсдөд байгаа баримт нотолгоогоо авчирч өгөхийг хүссэн байна. Ингэснээр ажлын хэсгийхний ажилд тус нэмэр болно гэсэн юм. Хамгийн гол нь тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах шаардлагатай гэж үзээд байгаа юм байна. Мөн тухай үед Хууль зүйн сайд байсан Ц.Нямдорж, Ерөнхий  сайд байсан М.Энхболд, Монголбанкны захирал байсан О.Чулуунбат нарын оролцоотойгоор ХЗХ-г санаатайгаар хохироосон гэсэн мэдээллийг ч өгч байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд ажлын хэсэгт “Шударга ёсыг тогтоож, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах ёстой” гэсэн чиглэл өгсөн учраас үүний дагуу ажлын хэсэг ажиллаж байгааг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл онцолж байлаа.  Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

-ХЗХ-ны хэрэгт яллагдсан эзэд нь суллагдсан гэсэн яриа байгаа. Энэ үнэн үү?

-Анх  26 хадгаламж зээлийн хоршоо дампуурч, тухайн үедээ шүүхийн байгууллага хохирлын хэмжээг үл харгалзан 67 хүнд 10 жилийн ял оноосон. ХЗХ-той холбоотой 67 хүн одоо шүүхийн шийдвэрийн дагуу ял эдэлж байгаа. Нэг ч хүн суллагдах, өршөөгдөөгүй.

-ХЗХ-ны хохирогчдын хохирлын 50 хувийг татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн. Төрөөс 30 тэрбумыг төсвөөс гаргаж өгсөн. Одоо дахиад татвар төлөгчдөөс мөнгө гаргана гэсэн яриа бас байна. ХЗХ-ын хэргийн хариуцлагыг татвар төлөгчид үүрэх ёстой гэж үү?

-Төрөөс ХЗХ-ны хохирогчдод олгосон мөнгө нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгогдсон мөнгө. Өөрөөр хэлбэл, хурааж авсан эд хөрөнгө, 14 тэрбум төгрөгийн авлага зэргийг тооцоод үзвэл хохирогчдод өгсөн мөнгийг эргүүлж гаргах боломжтой байсан.  Хэсэг бүлэг хүмүүс санаатайгаар ХЗХ-дыг дампууруулж, тэр мөнгийг нь улсаас гаргахыг тооцоолж хийсэн гэж хохирогчид харж байгаа. Тиймээс тэр хүмүүст хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. Тухайн үед алдаа гаргасан ХЗХ-ны эзэд өөрсдийн эдлэх ялаа эдэлж байгаа. Гэтэл санаатайгаар ХЗХ-дыг дампууруулсан хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой гэж хохирогчид үзэж байгаа юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж