
БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч буй монголчууд өнөөдөр тус улсын Хууль зүйн яамны гадна цуглаж, эсэргүүцэл илэрхийлжээ. БНСУ-ын Хуасон дахь цагаачлалын албаны түр саатуулах байранд өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсын иргэн А учир битүүлгээр нас барсан нь тэднийг ийнхүү цуглаан зохион байгуулахад хүргэсэн байна. Тэдний зүгээс Монгол Улсын иргэн цагаачлалын албаны байранд нас барсанд тус газрын ажилтан, алба хаагчид буруутай гэж үзэж буй тул хэргийн учир шалтгааныг тодорхойлон буруутай этгээдийг тогтоож, хуулийн дагуу үнэн зөв шийдэхийг шаардаж, өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэл хийсэн гэнэ. Энэ талаар БНСУ дахь эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.
Бид холбогдох албаны хүмүүсээс тодруулж, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.
Т.МАША