
Түүнчлэн Хөдөө аж ахуйн их сургуулийн хоёрдугаар байрыг засварлахад зориулж 900 сая төгрөг нэмэх, Гадаад харилцааны яамны Ёслол хүндэтгэлийн өргөөг шинэчлэхэд зориулж 1.6 тэрбум төгрөг тусгах зэрэг заалтууд гишүүдийн дэмжлэг хүлээв. Харин авто замын компаниудад үнийн өсөлтөөс үүдэлтэйгээр зөрүүд нь 45 тэрбум төгрөг нэмж тусгахаар заасанд гишүүд нэлээд нухацтай хандлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар “Зураг төсөл нь хийгдээгүй шахам барилгын хөрөнгө оруулалтыг төсөвт суулгасан жишээ олон бий. Одоо байтлаа ажлаа хийж дуусгалгүй хариуцлага алдсан авто замын компаниудад үнийн зөрүү нэрээр өчнөөн тэрбум төгрөгийг төсвөөс олгох нь буруу” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Ажил нь дуусах шатандаа орсон боловч үнийн өсөлтөөс шалтгаалаад хүлээлгэж өгч чадахгүй байгаа компаниудад энэхүү мөнгө олгогдоно. Мөнгө олгохоос ч аргагүй байгаа, яагаад гэвэл нэг км авто зам тавихад 190 сая төгрөг зарцуулахаар тендерт орж ирсэн байдаг. Гэтэл нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, бусад бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор алдагдал ихээр хүлээсэн зэрэг шалтгаанууд бий. Энэ жилийн тухайд замыг 360 сая төгрөгөөр барих тендэр зарлагдсан ч компаниуд орж ирэхгүй байгаа, тиймээс олгохоос аргагүй гэж үзсэн. Цаашдаа авто замын компаниудад үнийн зөрүүнээс үүдэлтэйгээр ахиж мөнгө өгөхгүй” гэсэн юм. Үнийн зөрүүгээс авто замын ажил нь дуусахгүй байгаа Мөрөн-Хатгалыг холбосон авто зам, Арвайхээр, Баянхонгор аймаг руу барих авто зам, Улаанбаатар хотын Их тэнгэрийн авто зам, Говь-Алтайн нисэх онгоцны хөөрч буурах зурвас зэрэг нийт 10 гаруй авто замын ажил хийж байсан компаниуд хамаарагдаг аж. Ингээд авто замын компаниудад олгох 45 тэрбум төгрөгийг дэмжихээр боллоо.
Сануулахад, УИХ-аас өмнө нь авто замын компаниудад мөн дээрх шалтгааны улмаас 33 тэрбум төгрөгийг төсөвт суулган шийдэж өгч байжээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 13.00 цагт завсарлуулах байсан ч хуралдаан 11.00 цаг дөхүүлж эхэлсэн тул цайны цагийг хойшлуулж 14.00 цаг болгоод байна.