Хятад “нэг хүүхэд” бодлогоо халах уу?

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Хятад “нэг хүүхэд” бодлогоо халах уу?

Хятадын Засгийн газар олон жилийн турш  баримталсан нэг хүүхэд бодлогыг халж 2015 оноос айл өрх бүрийг хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэж эхлээд байгаа хэмээн өнөөдөр “Синхуа” агентлагаас мэдээлсэн байна. Нэг хүүхэд бодлогыг халж Хятад айл өрх  бүрийг  хоёр хүүхэдтэй болгое гэсэн саналыг тус улсын Хөгжлийн судалгааны сангаас өнөөдөр Засгийн газартаа өргөн барьсан аж. Хятадын Хөгжлийн судалгааны сангийн төлөөлөгч Си Мэний мэдээлснээр тус сангаас  тавьсан дээрх саналыг хэрхэх талаар шийдвэрээ Хятадын  Засгийн газар дээд тал нь  хоёр долоо хоногийн дараа эргэн мэдэгдэнэ хэмээн “Синхуа” мэдээлжээ. 

Хэрвээ Хятад улс нэг хүүхэд бодлогыг халбал тус улс улс төр, тэр дундаа хүн амын бодлогодоо  эрс шийдэмгий алхам болно хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Зарим хүн ам зүйн мэргэжилтнүүд Хятадын Хөгжлийн судалгааны сангаас дэвшүүлэн тавьсан уг саналыг ихээр дэмжиж байгаа бол хүн ам ихтэй тус улсын хувьд төрөлтийг нэмэгдүүлбэл олон сөрөг үр дагавар дагалдана хэмээн үзсэн судлаачид ч мөн энэ үеэр  өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа гэнэ.

Түүнчлэн “Синхуа” агентлагаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн Хөгжлийн судалгааны сангийн дээрх саналд энэ оноос эхлэн Хятадын зарим мужуудаар хоёр хүүхэд бодлогыг мөрдөж, улмаар 2015 он гэхэд Хятад даяар  хоёр хүүхэд бодлогыг баримталж, 2020 он гэхэд хүүхдийн тоонд ямар нэгэн хязгаарлалт тогтоох явдлыг эцэс болгох хэрэгтэй хэмээн дурьдсан байжээ.

Түүнчлэн  Хятадын Засгийн газар хоёр хүүхэд бодлогыг мөрдөж эхлэх талаар ямар шийдвэр гаргах бол гэдэг нь сүүлийн өдрүүдэд олон улсын анхаарлыг хамгийн ихээр татах асуудлын нэг боллоо. Гэсэн хэдий ч тус улсын Засгийн газар дээрх саналыг хүлээж авахад бэлэн биш байгаа хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж