Электро хөгжим хийсвэр зүйлээс бүтдэг

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Электро хөгжим хийсвэр зүйлээс бүтдэг

“Royal Music” студийн хөгжмийн инженер, продюсер Г.Цэрэнтэй электро хөгжмийн талаар ярилцсан юм.

-Ямар хамтлагийн уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Одоо “Making The Band-3” шоуны “MIX.X” хамтлагийн хоёр дахь уран бүтээл болох “Зориулаад” нэртэй альтернатив чиглэлийн дууны микс, мастерингийг хийгээд дуусгах гэж байна. Маргаашаас  гурав дахь уран бүтээл дээрээ ажиллаж эхлэнэ. Ихэнх нь уянгалаг дуу. Дууны нэр, үгийг нь хараахан зохиогоогүй байгаа. Мөн “Хар сарнай” хамтлагийн дуучин Амарсанаа, “Мотив” хамтлагийн шинэ дуун дээр ажиллаж байна даа.

-Таны зохиосон дуу ихэвчлэн электро чиглэлийнх байдаг. Энэ төрөл, жанрыг сонирхоод хэр удаж байна вэ?

-Электро хөгжмийг нэлээн сүүлд сонирхож эхэлсэн. Би эхэндээ сонгодог хөгжмийг таашаадаг байсан. Хамгийн суут, агуу бүтээлүүд зөвхөн сонгодог хөгжим гэж боддог байсан. Харин дараа нь хип хоп, поп, RВ зэрэг урсгалыг сонсдог болсон. Хамгийн сүүлд электро хөгжмийг сонирхлоо. Миний бодлоор хөгжим хүний сэтгэлийг илэрхийлж байдаг юм шиг.

-Электро хөгжим хэрхэн бүтдэг юм бол. Дуугаа ямар дарааллын дагуу зохиодог вэ?

-Юуны өмнө маш их судалгаа хийх хэрэгтэй. Мөн хөгжмийн мэдлэг, дууны хуулиуд буюу долгион, давтамжийг сайн мэдэх шаардлагатай. Бас дууны орон зай, ритмийн өсөлт, уналтын дунджийг сайн баримтлах хэрэгтэй. Хамгийн чухал нь энэ хөгжим сэтгэлийн хөөрөл, хийсвэр зүйлээс бүтдэг. Энэ сэтгэлийн хөөрлийг онгод гэж хэлж болно. Сэтгэлийн хөөрөлгүй байвал үүнийгээ төсөөллөөр буюу албаар бий болгодог. Электрон хөгжмийг зохиох дарааллын хувьд эхлээд аялгуугаа зохионо. Дараа нь хөгжмийн найруулгыг нь хийдэг. Энэ нь ард явж байгаа хөгжмүүдийг өөрчлөхийг хэлж байгаа юм. Үүний дараа хоолойгоо бичиж, хөгжмийн тохиргоо буюу микс, мастерингийг нь хийдэг.

-Яагаад электро стилийн дуу зохиох болсон бэ?

-Би өөрөөэлектро стилийг сонирхож байсан. Бас “Royal Music” студийг нээгэд удаагүй байсан юм. Ер нь дуу зохиохгүй бол студийн ажил дан ганц микс, мастеринг хийгээд амжилт олохгүй гэдгийг ойлгосон. Тэгээд ч манайд электро стилийн дуу дутмаг юм шиг санагдаж, энэ чиглэлээр дуу зохиож байлаа.

-Ойролцоогоор хэдэн дуу зохиосон бэ?

-Жил гаруйн хугацаанд 20 орчим дуу зохиосон байх шүү.

-Таныг “Extacy” хамт­лагийн “Чам руу”, “You win”,“Тэх үү” зэрэг уран бүтээлийг зохиосныг мэднэ?

-“Extacy” хамтлагийн хувьд “25 дугаар суваг” телевизийн “Making the band” шоу нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг учраас дээрх дуунуудыг зохиосон. Электро хөгжим өөрөө хөнгөмсөг урлаг шүү дээ. Ер нь хүмүүсийн алжаалыг тайлах зорилготой урлаг гэж би хувьдаа ойлгодог. Тийм ч учраас электро стилийн дууны үг нь хүртэл хөнгөн байдаг. Жишээ нь “You win” дуун дээр “залуу минь гэхийг арай хөнгөмсөгөөр илэрхийлж “mr man”гэх жишээтэй. Ийм стилийн дууны үг хүнд заавал нэгийг хэлж, хоёрыг бодогдуулах албагүй. Зүгээр л алжаал тайлж, бүжиглүүлэх, стресс тайлах зорилготой.

-“Монгол поп” гэдэг шиг электро хөгжмийг ардын хөгжим, үндэсний урлагтайгаа хослуулах гэж байгаа гэсэн. Энэ талаар тодруулж ярихгүй юу?

-Электро хөгжмийг зохиох дүрэм, журам гэж байдаг л даа. Ямар элементүүд орвол электро хөгжим болох вэ гэдэг дүрэм байдаг юм. Хэрвээ энэ дүрмэнд нь баригдахгүй бол электро стилийн хөгжим болохгүй шүү дээ. Барууны электро хөгжмөөс ялгарах тулд Монголын үндэсний хөгжмийг хослуулах санаа байгаа юм. Мэдээж энэ бол миний санаа биш шүү. Би өмнө нь морин хуур ч юм уу ардын хөгжимтэй хослуулсан электро хөгжим сонсч байсан. Надад сайн бүтээл болсон гэж санагдаагүй. Гол нь судалгаа их хийх хэрэгтэй. Электро хөгжимд заавал ордог элементүүдийг яаж ардын хөгжимтэй сайхан хослуулж үнэ цэнэтэй бүтээл гаргах вэ гэдгийг бодож байна. Мөн энэ хөгжмийн мөн чанарыг, хооронд нь яаж холивол сайн бүтээл төрөхийг судлах хэрэгтэй л дээ. Зүгээр хооронд нь солиод дуу гаргах өөр хэрэг. Ингээд хольчихвол хуушуур, пиццаг хооронд хольж идсэнээс ялгаагүй юм болно. Гол нь өөрийнхөө болон Монголын нэрийг баруунд цуурайтуулж чадах сайн бүтээл “төрүүлэх” хэрэгтэй.Үүнд цаг хугацаа их орох байх.

-Таны цаашдын зорилго барууны орнуудад электро, монгол ардын хөгжмийг хослуулан гаргах гэж ойлговол зөв үү?

-Яг тийм. Миний хүсэл бол гадаадынхны сонсч байгаагүй цоо шинэ уур амьсгалыг оруулж байж тэдэнд үнэлэгдэнэ. Бас борлогдож чадна гэж боддог юм.

-Дууны микс, мастерин­гийг хийхдээ дуучны хоолойд засалт хийдэг гэсэн. Танай студид хоолой засалт хэр их хийддэг вэ?

-Хоолой засалт гэдэг нь өнгө алдалтыг цэвэрлэхийг хэлж байгаа юм. Ялгаагүй Барууны орнуудад ч гэсэн өнгө алдалтыг цэвэрлэж л байгаа. Ер нь студид дуу бичүүлсэн бол өнгө алдалт цэвэрлэдэг. Хоолойн бичлэгт дуучны чин сэтгэлээсээ мэдэрч дуулсан хэсэг байхад зарим дээр нь алддаг хэсэг байдаг. Үүнийг өнгө алдалт цэвэрлэх гэдэг. Манайхан үүнийг буруу зүйл гэж боддог. Дэлхийн аль ч студид хийдэг. Үнэхээр муу дуучны хоолойн өнгө алдалтын ихэнх хэмжээг нь зассан тохиолдол байдаг юм билээ. Үүнийг л студийн дуучин гэжхэлж болно.

-“Нэгүн” хамтлаг тарсан гэсэн. Та цаашид ганцаарчилсан уран бүтээл хийх үү?

-Төлөвлөсөн ажил олон байна. Электро чиглэлийн уран бүтээл хийхийг хүсч байгаа. “Нэгүн” хамтлаг тарсан. Оки бид хоёр хувийн шалтгаанаас болоод хамтлаг маань тарсан. Тус тусдаа студийн ажлаа хийхээр болсон.

-Уран бүтээлийн өндөр амжилт хүсье?

-Баярлалаа.

Б.МАРАЛ
Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж