Сурагчдаас татаас мөнгө авахгүй болно

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Сурагчдаас татаас мөнгө авахгүй болно

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр бүх шатны сургууль, цэцэрлэгт суралцагчдаас хууль бус төлбөр, хураамж, хандивын мөнгө татахыг хориглосон тушаал гаргасан юм. Учир нь сурагчдаас төрөл бүрийн мөнгө авах, сургууль, цэцэрлэгт анх орох гэж татаас мөнгө өгч байна гэж эцэг эхчүүд ихээр гомдоллосоор байсан билээ. Тиймээс ийнхүү татаас мөнгө авдаг байдлыг зогсоохоор бодлогын зарим зохицуулалт хийхийг холбогдох албан тушаалтанд үүрэгдэж, бүх сургууль, цэцэрлэгт албан бичиг явуулж байгаа ажээ.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Ч.Лодойсамбуугаас тодрууллаа.

-Сайдын энэ тушаалаар бол эцэг, эхчүүдээс ирдэг илүү татаас мөнгөний талаарх гомдлыг арилгах нь гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Сайдын тушаалаар өмчийн хэлбэрийг үл харгалзан буюу улсын хувийн гэсэн ялгаагүйгээр их, дээд, дунд сургууль, коллеж, цэцэрлэгт суралцаж буй хүүхэд, залуусаас янз бүрийн татаас мөнгө авдаг байдлыг үндсэндээ халах юм.

-Тэгэхээр  анги засвар, тохижуулалтын гээд мөнгө ойр ойрхон авч байна гэдэг шүүмжлэл их байдаг. Заалтад ийм зориулалтын мөнгө татахыг мөн хориглосон уу?

-Ангийн засвар, тохижуулалтын зориулалтаар гээд сурагчдаас мөнгө татдаг нь “Сургууль цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”-д заасан байдаг юм. Тэгэхээр сайд энэ хоёр харшилж болох тушаал, дүрмийн хэрэгжилт, зохицуулалтыг судалж, хэрэгтэй гэж үзвэл дүрэмд өөрчлөлт оруулах талаарх ажлыг 11 дүгээр сард  багтаан шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтанд үүрэгдсэн. Өөрөөр хэлбэл, тушаалын нарийн зохицуулалтыг 11 дүгээр сард боловсруулж, батлах юм. Одоогоор батлагдаагүй байгаа болохоор яг тийм зориулалтаар мөнгө татахыг хориглосон гэсэн тодорхой зүйл хэлэх боломжгүй байна.

-Ирэх сардаа боловсруулчихвал хэзээнээс мөнгө татахаа болих энэ тушаалыг хэрэгжүүлж эхлэх вэ?

-Энэ хугацаанд  яаралтай боловсруулаад шууд хэрэгжүүлж эхлэх бөгөөд эхний байдлаар хэрэгжүүлсэн үр дүнг 12 дугаар сарын 5-нд танилцуулна.

-Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад албан бичиг явуулахаас гадна ямар арга хэмжээ авах вэ?

-Албан бичгээс гадна байгууллагын төсөв, санхүү, үйл ажиллагааны талаарх мэдээллийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа байрлуулж байхыг бүх шатны сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад даалгасан.

    У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж