Түүхэнд гараагүй байгалийн гамшиг АНУ-д тохиолдож байна

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Түүхэнд гараагүй байгалийн гамшиг АНУ-д тохиолдож байна

“Нью-Йоркийн метро 108 жил үзээгүй хохирлоо үзлээ. Одоогоор метроны 26 шугамын долоо нь бүрмөсөн усанд автаад байна. “Сэнди” хар салхины улмаас тээврийн систем бүхэлдээ зогсож метро төдийгүй төмөр зам, автобусны депо усанд автлаа” гэж Нью-Йоркийн метроны оператор MTA компанийн төлөөлөгч өчигдөр мэдэгдэв. Нэг шөнийн дотор Нью-Йорк хотод 670 мянган хэрэглэгч гэрэл цахилгаангүй болсон бөгөөд эрчим хүчний хангамжийн хэвийн байдлыг хангахад наад зах нь долоо хоног шаардлагатай болжээ. Нью-Йоркийн хөрөнгийн бирж үйл ажиллагаагаа зогсоосон нь 2001 оны есдүгээр сарын нэгнээс хойш тохиолдсон анхны төлөвлөгөөгүй зогсолт болов. Өчигдөр орой ирсэн мэдээгээр Нью-Йоркийн их сургуулийн эмнэлгийн нөөц генератор жагсаалаас гарч 200 өвчтөн, тэр дундаа 20 нярай хүүхдийг өөр эмнэлэгт шилжүүлжээ. Хар салхины төв хэсэг дайрсан Доод Манхэттэн дүүрэгт давалгааны өндөр дөрвөн метр хүрчээ. АНУ-ын зүүн эргийн хотуудын 7.5 сая хүнийг гэрэл цахилгаангүй болгож 16 хүний амийг авсан хар салхи одоо зүүн эргийг даган баруун өмнө зүгт цагт 85.1 километрийн хурдтай урагшилж байна. Цаг уурчдын үзэж байгаагаар “Сэнди” хар салхи нийслэл Вашингтон хотыг дайрах нь тодорхой болсон тул НАСА, Пентагон болон тус улсын далайн цэргийн хамгийн том бааз болох “Куантико” үйл ажиллагаагаа түр зогсоохоор бэлтгэж байгаа аж. Нью-Жэрси мужид байдаг АНУ-ын хамгийн хуучин (43 жил ажилласан) “Ойстер Крик” цөмийн цахилгаан станцын ойролцоо усны түвшин аюулын хэмжээнд хүрсэн тул үйл ажиллагааг нь аваарын горимд өчигдөр шилжүүлжээ. Хар салхи мөн нутгийн гүн рүү чиглэх төлөвтэй байгаагаас агаарын тээврийн компаниудын цуцалсан нислэгийн  тоо 15 мянгад хүрээд байгаа аж. Энэ гамшигт нийтдээ 50 сая хүн ямар нэг хэмжээгээр нэрвэгдэнэ хэмээн тооцоолсон бөгөөд хохирлын нийт хэмжээг 10-20 тэрбум доллар хэмээн таамаглаж байгаа нь АНУ-ын түүхэнд тохиолдсон байгалийн хамгийн том гамшиг болох юм. Харин “Moody’s” агентлагийн тооцоолсноор хар салхи зүүн эрэгт хүрснээс хойш Америкийн эдийн засагт өдөрт 10 тэрбум долларын хохирол учирч байгаа бөгөөд хохирлын хэмжээ нийтдээ 45 тэрбумд хүрнэ гэжээ. Хар салхи дайрсан болон дайрах нь тодорхой болсон мужуудад байдал ямар байгааг тус бүрээр нь үзүүлбэл:

Хойд, Өмнөд Каролина: Хойд Каролина мужийн амбан захирагч мужийн зүүн хэсэгт цас орж эхэлсэн тул нэмж онцгой байдал зарлажээ. Далайд сүйрсэн жижиг онгоцноос аврагдсан эмэгтэй эмнэлэгт нас барав. Цахилгаангүй болсон хэрэглэгчийн тоо (ЦХТ): 6600

Коннектикут: Хар салхи зам, цахилгааны шугамуудыг сүйтгэж, олон мянган мод булга татжээ. Хоёр хүн нас барснаас гадна галын машин дээр мод унаснаас нэг гал сөнөөгч амь үрэгджээ. Мужийн 30 хотод 330 мянган хүнийг албадан болон сайн дураар нь нүүлгэн шилжүүлжээ  ЦХТ: 630 мянга гаруй

Делавэр: Далайн эргийн бүх оршин суугчдад гамшигт өртөж болзошгүй газраас нүүн шилжихийг анхааруулсан. Эргийн хоёр томоохон амралтын газар усанд бүрэн автжээ. ЦХТ: 34000

Иллинойс: Чикаго хотын Мичиган нууртай залгадаг хэсэгт хүчтэй салхи, үер болох анхааруулгыг өгөөд байна. Нуурын дагуух хурдны замыг одоогоор хаахгүй байх нь зүйтэй гэж хотын эрх баригчид үзжээ.

Кентакки: Мужийн зүүн өмнөд хэсэгт салхины хурд цагт 80 км хүрсэн байна.

Мэн: Салхины хурд 96 км/цагт хүрч Портлэнд хотын боомтын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоов. ЦХТ: 80 мянга.

Мэрилэнд: Жуулчид их ирдэг Оүшэн хот усанд автаж, мужийн зүүн хэсэгт цас орсноос замын хөдөлгөөн хаагдав. Унасан модонд нэг хүн даруулж нас баржээ. ЦХТ: 290 мянга.

Массачүсэтс: Салхины хүч, давалгааны өндөр аюултай хэмжээнд хүрсэн тул эргийн оршин суугчдын ихэнх нь нүүн шилжжээ. ЦХТ: 400 мянга.

Мичиган: Гэрэл цахилгаангүй болсон хэрэглэгчийн тоо 23 мянга.

Нью-Хэмпшир: Ерөнхий­лөгчийн сонгуульд оролцох иргэдийн санал савлах магадлал хамгийн өндөртэй энэ мужид очих гэж байсан олон улс төрч айлчлалаа цуцалжээ. ЦХТ: 196 мянга. 

Нью-Жэрси: Даваа гаригт эхэлсэн хар салхи Атлантик сити хот, нүүн шилжих анхааруулгыг хэрэгсэлгүй үлдсэн олон зуун оршин суугч, ойролцоох зарим арлыг эх газраас бүрмөсөн тусгаарлав. Голын ус эргээсээ хальснаас нийт 2000 оршин суугчтай гурван хот усанд автжээ. Гурван хүн нас барсан. ЦХТ: 2.2 сая.

Нью-Йорк: Давалгааны өндөр тооцоолж байсан хэмжээнээс давсан бөгөөд хар салхи эрчим хүчний системийг доголдуулснаас хотын ихэнх хэсэг харанхуй болсон. Таван хүн амь үрэгдэж, Куинс дүүргийн усанд автсан хэсэгт 50 орон сууц шатжээ. ЦХТ: 1.8 сая.

Охайо: Зарим газраар өчигдөр салхины хурд 90 км/ цагт хүрч, хар салхитай зэрэгцэн орсон бороо, яваандаа цастай холилдон оров. ЦХТ: 215 мянга.

Пенсильвани: 200 зам, гүүр хаагджээ. Гурван хүн амь үрэгдсэний дотор найман настай хүүхэд модонд даруулсан байна. ЦХТ: 1.2 сая.

Теннэсси: Их хэмжээний цас орж байгаагаас цочир хүйтэрч болзошгүйг эрх баригчид анхааруулсан. Олон газраар салхины хурд аюултай хэмжэээнд хүрсэн.
 
Виржиниа: Хар салхи, цаснаас болж тасарсан эрчим хүчийг сэргээхээр ажиллаж байна. Чинкотиг аралд хөл хорих цаг тогтоожээ. ЦХТ: 151 мянга.

Вашингтон Ди Си: Холбооны болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, шүүх, сургуулиуд, метро өчигдрийн байдлаар хаагдаад байна. Гурван гол онгоцны буудлыг мөн хаах бололтой. ЦХТ: 11 мянга    .

Зүүн Виржиниа: Нутгийн гурваны нэгд цасан шуурга болох төлөвтэй байна. Нэг хүн гамшгаас үүдсэн автын ослоор нас барсан. ЦХТ: 15 мянга.

Б.АМГАЛАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж