Давхар татварын гэрээг цуцална

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Давхар татварын гэрээг цуцална

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж,  Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират улс, Нидерландын Вант улс, Люксембургийн Вант улс, Кувейт улстай тус тус байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Кувейт, Люксембургийн Вант улс, Нидерландын Вант улс болон Арабын нэгдсэн Эмират улстай байгуулсан давхар татварын гэрээ нь Монгол Улсын эрх ашгийг ноцтой зөрчсөн заалтуудтай болох нь тогтоогджээ. Тиймээс хэлэлцээрийн “Дуусгавар болгох” гэсэн бүлэгт заасны дагуу гэрээг цуцлах үндэслэлтэй юм байна.
“Айвенхоу Майнз” компани “Саутсгоби сэндс” компани дахь өөрийн эзэмшлийн хувьцааг 898 сая ам.доллараар Хятадын “Чалко” компанид борлуулсан ажил гүйлгээ, үүнтэй адилтгах бусад ажил гүйлгээнээс үүсэх хувьцаа борлуулсны олзод Монгол Улс татварын хууль тогтоомждоо өөрчлөлт оруулсан ч давхар татварын гэрээ хэлцлийн улмаас татвар авч чадахгүйд хүрч байгаа юм байна. Түүнчлэн “Оюутолгой” компани Нидерландын Вант улсад бүртгэлтэйгээс болоод манай улс татвараа авч чадахгүйд хүрээд байгаа аж. Тодруулж хэлбэл, давхар татварын сул талуудыг ашиглан гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Нидерланд, Люксембург зэрэг улсуудад толгой компаниа бүртгүүлэх замаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, татвараас зайлсхийх нь түгээмэл болжээ. 1999-2010 онд манай улсад орж ирсэн шууд хөрөнгө оруулалтын 27 хувь нь зөвхөн Нидерланд улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс орж ирсэн гэсэн мэдээ байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Нидерландын Вант улстай байгуулсан гэрээг цуцлахаар тус улсад бүртгэлтэй Оюутолгой компанийн татвар төлөх асуудал хэрхэн шийдэгдэх вэ” хэмээн лавлав.

Сангийн сайд Ч.Улаан “Гэрээг зохих журмын дагуу цуцалснаар татварын давхар хөнгөлөлт эдлэхгүй болно. Тухайн компани татвараа давхар төлөөд явах уу, эсвэл Монголд бүртгүүлээд татвараа төлөөд явах уу гэдгээ өөрсдөө шийдэх байх. Ер нь Оюутолгойн гэрээг шинэчлэх ажлын хэсэг Засгийн газарт байгуулагдан ажиллаж байгаа” гэсэн хариулт өглөө. 

Мөн эрхэм гишүүн гэрээ цуцлагдсанаар гадны хөрөнгө оруулалтын хэмжээ буурч болзошгүй гэсэн мэдээлэл гараад байгааг сануулж, энэ талаар тодорхой хариулт өгөх бололцоотой эсэхийг лавласан юм.

Сангийн яамны ажлын хэсгийнхэн “Гадны хөрөнгө оруулалтад төдийлөн нөлөөлөхгүй. Нидерландаас Монгол Улсад хийсэн шууд хөрөнгө оруулалт бага. Харин завсрын компаниуд олон байдаг” гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд, “Дээрх ашиггүй гэрээнүүдийг нэн даруй яаралтай цуцлах асуудлыг шийдэхгүй бол улс орон алдагдалд ороод байна. Нидерландын татвараас зугтаадаг компаниудын орогнодог газар болчихоод байна. Тэгээд энэ улсаас Монголд хийсэн бодитой хөрөнгө оруулалт бараг байхгүй шахам. Тэгэхээр татвараас зугтаадаг энэ асуудлыг бодоод байх хэрэггүй. Гэрээнүүдийг цуцлах хэрэгтэй” хэмээн үүрэгдсэн юм. УИХ-ын гишүүн С.Оюун гэрээнүүдийг цуцлах асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, улмаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гишүүдийн 100 хувийн дэмжлэг хүлээв.

Тус байнгын хороогоор хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Кени улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох чиглэлийг өгсөний дагуу  Монголын талаас дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн 45 улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг Нью Йорк дахь байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан холбогдох талуудад тавьсан байна. Энэ хүрээнд Кени улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг оруулж иржээ. Дээрх асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дипломат харилцаа тогтоохыг дэмжлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж