
Төслийн хүрээнд “Хайрцган доторх соёлын өв” сургалт болон танин мэдэхүйн хэрэгсэл бэлдэх уулзалт, төслийн материалын агуулгад үнэлэлт дүгнэлт өгөх болон агуулгыг сайжруулах зөвлөлдөх уулзалтыг Өвөрхангай аймгийн Хархорин суманд тус тус зохион байгуулжээ. Үүнд ЮНЕСКО-гийн Бээжин дэх газрын соёлын төсөв хариуцсан мэргэжилтэн Жулиан Гленат, Монакогийн захиргаа хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Софи Робин, ЮНЕСКО-гийн МҮК-ын соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн М. Туул, ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын захиргааны дарга Ж. Батсуурь болон мэргэжилтнүүд, Өвөрхангай аймгийн Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Т.Эрдэнэбат, Хархорин сумын соёлын төвийн мэргэжилтэн Б.Мядагсүрэн, Шанхын Баруун хүрээ хийдийн тэргүүн А. Пүрэвсүрэнболд, ЕБС-ийн түүх, технологийн багш нар, Эрдэнэ Зуу, Хөшөө Цайдам, Хархорум музейн захирал, гар урлаачид оролцсон байна.
Уг төсөл нь Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалын газарт холбогдох Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, залуу үеийнхний дунд хэрэгжээд зогсохгүй цаашид бусад аймаг, сумдын сургууль, соёлын байгууллагуудад загвар болгон хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэнэ.