С.Буяннэмэхийн 110 жилийн ойг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

С.Буяннэмэхийн 110 жилийн ойг тэмдэглэнэ

ХХ зууны Монголын утга соёлын нэрт зүтгэлтэн, яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолч, утга зохиолын онол, судлал шүүмжлэлийн төлөөлөгч Сономбалжирын Буяннэмэхийн мэндэлсний 110 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.

С.Буяннэмэхийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “XX зууны монгол утга зохиолын уламжлал, шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг арваннэгдүгээр сарын 2-нд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

“XX зууны монгол утга зохиолын уламжлал, шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлаар МУСГЗ, Хэлбичгийн ухааны доктор (Sc.D), профессор Д.Цэдэв “С.Буяннэмэх судлалын шинэ хандлага”, БНХАУ-ын Хэлбичгийн ухааны доктор (Sc.D), профессор Ван Мандуга “Уран үгсийн чуулган цоморлигийн тухай”, Хэлбичгийн ухааны доктор (Sc.D), профессор С.Байгалсайхан “С.Буяннэмэхийн онол шүүмжлэлийн сэтгэлгээ”, ОХУ-ын доктор Дашибалова Дарама Владимировнагийн “Изучение творчества С.Буяннэмэха в Бурятском государственном университете”, Хэлбичгийн ухааны доктор (Ph.D),дэд профессор Д.Сумъяа, Хэлбичгийн ухааны доктор (Ph.D) Д.Болормаа нарын “С.Буяннэмэхийн яруу найраг”, БНХАУ-ын эрдэмтэн Ван Ию Лон “БНХАУ дахь С.Буяннэмэхийн бүтээлийн судалгаа” зэрэг илтгэлийг хэлэлцэх юм.

Түүнчлэн хуралд С.Буяннэмэхийн төрсөн нутаг Дундговь аймгийн нутгийн зөвлөлийн төлөөлөгчид, С.Буяннэмэхийн садан төрлийн ах дүүс нь оролцох юм байна.

Хурлын үеэр С.Буяннэмэхийн номын өргөөнд түүний уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт, мөн С.Буяннэмэхийн нэрэмжит утга зохиолын шагнал гардуулах ёслолын ажиллагаа, түүний мэндэлсний 110 жилийн ойд зориулан гаргаж буй “С.Буяннэмэх I, II” номын нээлт болох юм байна. Түүнчлэн “Номын сайн нөхөр”, “С.Буяннэмэхийг хэн сайн мэдэх вэ” уралдаануудын дүнг зарлаж, шилдгүүдийг урамшуулан шагнах ажээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж