“Heavy Rain” сая гаруй хувь борлогджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

“Heavy Rain” сая гаруй хувь борлогджээ

Мянга мянган тоглоом сонирхогчдын анхаарлыг татсан “Heavy Rain” видео тоглоом дэлхийн хэмжээнд сая гаруй хувь борлогджээ. Тус тоглоомын зохиолч, найруулагч Дэвид Кейж өөрийн бүтээлээ ердөө 200-300 мянган хувь зарагдана хэмээн тооцоолж байсан ба ийм хэмжээний амжилтад хүрсэн нь үнэхээр гэнэтийн зүйл боллоо хэмээн ярьжээ.
Кейжийн дүгнэлтээр 2010 оны сүүлээр “Heavy Rain” тоглоомын борлуулалт 1,5 сая хувьд хүрэх гэнэ. Тоглоомын зохиогч шүүмжлэгчдээс сайшаасан шүүмж авна гэж бодоогүй байсан, түүнчлэн “Game Rankings”-ийн санал асуулгаар  “Heavy Rain”-ны дундаж рейтинг 89,33 хувьд хүрсэн нь үнэхээр санаанд багтамгүй хэрэг болсон гэнэ.
“Heavy Rain” видео тоглоом зөвхөн “PlayStation 3” тоглоомын консол дээр 2010 оны хоёрдугаар сард гарсан юм. Албан бус мэдээллээр гуравдугаар сар гэхэд 500 мянган хувь зарагдсан ба түүнээс 200 мянган хувь нь зөвхөн АНУ-ын зах зээлд борлогдсон гэнэ.
Тоглоомын гол баатрууд нь сэтгүүлч бүсгүй, архитектор, хувийн мөрдөгч болон FBI-ийн мөрдөгчид. Тэд бие биенээсээ тусдаа “Origami Killer” хочит цувралт алуурчны хэргийг мөрддөг.
Дашрамд сонирхуулахад, дөрөвдүгээр сарын нэгэнд “Heavy Rain” тоглоомын анхны “The Taxidermist” нэртэй нэмэлт нь тоглоомчдын гарт очсон юм. Өмнө нь Кейж нэлээн хэдэн нэмэлт хэсгүүдийг хийнэ гэж амлаж байсан ч, “Heavy Rain”-ын үргэлжлэлийг хийх бодолгүй байгаагаа мэдэгджээ.
Б.Өлзий
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж