АН-д ашиггүй учраас ”хаяв”

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

АН-д ашиггүй учраас ”хаяв”

Ардчилсан намынхан олон нийтэд таалагдах алх­муудыг “олуулаа” хийж байгаа. “Олуу­лаа” гэдэгт МАН-ынхан ч ор­но. Учир нь тэд одоо хэр нь харилцан барьцаалагдсан, улс төрийн ашиг хонжоо ха­рах маягаар улс төр хийж буй нь харагдсаар байна. Тэ­­гэ­хээр асуудал бүхэнд шу­дар­га хан­дах уу, аль эсвэл то­дор­хой шал­гуур байна уу гэ­дэгт эргэл­зэхээр байгаа юм. Ту­хайл­бал өнгөрсөн баасан га­рагт УИХ-ын чуулганы нэгд­сэн ху­рал­дааны үеэр Г.Уянга ги­шүүнээс Засгийн газарт тавьсан асуул­гын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн Г.Уянга “Хүний хөгжил сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор төлөвлөсөн нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган төгрөгийг яагаад олгохгүй байна вэ” гэсэн асуулга тавьсан.

Үүнд Сангийн сайд Ч.Улаан хариулахдаа “Хууль батлах шатанд 342.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Гэвч уг санд төвлөрөх татварын орлого буурсан, Тавантолгойн ордыг ашиглах хүрээнд хөрөнгө оруулагч талаас урьдчилгаа хэлбэрээр мөнгө авна гэж тооцоолсон нь бүтэлгүйтэж үлдэгдэл 340 мянган төгрөгийг олгох боломжгүй болсон” гэсэн мэдээлэл өгсөн. УИХ дахь Ардчилсан намын гишүүдийг энэ хариултыг сонсоод “асаад” л босоод ирэх болов уу гэтэл тэгсэнгүй.

Яагаад. Уг нь тэд ийм хууль бус үйлдлийг сонсоод өнгөрөх “дүлий”, “сохор”, эсвэл номхон томоотой хүчин биш билээ. Ардчилсан на­мын Ерөнхий нарийн бичгийн дар­га Ц.Оюундарь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “МАН-ынхан олгой хагаравч тогоондоо гэсэн системээр явж ирсэн учраас бүх бохир асуудлаа гадагш гаргадаггүй байсан. Зарим нэг нь муу муухай үйлдлийг нь шүүмжилбэл Ёс зүйн хороогоороо хэлэлцээд нам дарчихдаг” гэж онцолсон. Зөвхөн Ц.Оюундарь ч бус, тус намын гишүүд бүгд л ингэж ярьж байгаа. Энэ бүхнээс ард түмэн “Ардчилсан нам төрийн албанд буглаж байсан, хууль зөрчсөн ямар ч үйлдлийг үл өршөөж, хуулийг хэлбэрэлтгүй сахих нь. Дутагдлын хажуугаар хэрхэвч дуугүй өнгө­рөхгүй нь” гэсэн хүлээлттэй бол­сон. Гэтэл яагаад УИХ-ын гурван нэр дэвшигч, тэр тусмаа Сангийн сайд асан Д.Хаянхярваа, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг, Нийгмийн хамгааллын дэд сайд асан Н.Номтойбаяр нар нэр дэвш­сэн тойргийнхоо ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үлдэгдэл 340 мянган төгрөгийг олгоод бусдад нь “Олгох боломж­гүй” гээд нүүр бу­руулчихав гэдгийг сөхөж ярихгүй байна вэ. Яагаад зөвхөн Г.Уянга л энэ талаар санаа зовнив гэдэг нь сонирхолтой байгаа биз.

Уг нь өдийд Ардчилсан на­мынхан Хүний хөгжил сангийн мөнгөөр тойргийнхондоо тал засаж өндөр санал авч УИХ-ын сонгуульд ялсан тэдэнтэй хариуцлага тооцно гээд ярьж байх ёстойсон. Тэр ч байтугай УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж, дараагийн нэр дэв­шигч­дийг өрсөлдүүлж орон нут­гийн хурлын сонгуультай зэрэгцүүлэн са­нал хураана гэдэг асуудлыг та­вих ч үндэслэл бий. Ерөөсөө үүнд л АН-ынхныг хардах сэдэл тө­рөөд байгаа юм. Учир нь Өвөрхангайн тойргийн тухайд тэд МАН-ынхантай тохиролцсон нь нэгэнт тодорхой болоод бай­гаа. Харин Дархан-Уул аймагт ялалт байгуулсан Д.Хаянхярвааг эргүүлэн татаад дараагийн хоёр нэр дэвшигчийг өрсөлдүүлэх болбол “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч Б.Тулга, МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарт “шанс” гарч байгаа гэсэн үг. Тэгэхээр АН-д ашиггүй байгаа биз. Тийм учраас л Сангийн сайд, Сангийн болон Нийгмийн хамгааллын дэд сайдын албан тушаалаа ашиглан зөвхөн гуравхан тойрогт 340 мянган төгрөг тараасан ялгавартай үйлдлийг шүүмжлэх, сөхөх талаар АН-ын “сэрэл хөдлөхгүй” байгаа юм биш үү гэсэн дүр зураг харагдаад байна. УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Д.Хаянхярваа энэ талаар ярихдаа “Эх үүсвэрийн боломжид тааруулж  гурван тойргийн ахмад, хөгж­лийн бэрхшээлтэй иргэдэд 340 мянган төгрөгийг нь олгосон” гэж тайлбарладаг. “Яагаад заавал өөрийнхөө нэр дэвшсэн тойрогт олгов. Хардуулах нь тодорхой шүү дээ. Өөр гурван тойрогт тарааж болоогүй юм уу” гэхээр “Яагаад Дарханыхан авч болохгүй гэж” гэдэг юм.

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы танхимд одоогийн Сангийн сайд Ч.Улаан Г.Уянга гишүүний асуулгад хариулт өгөхдөө “УИХ-аас 2012 оны төсвийн тодотголыг батлахдаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг энэ онд багтаан өгөхөөр төсөвт хөрөнгийг суулгаж өгсөн ч эх үүсвэрийг зааж өгөөгүй” гэж байна билээ. Харин Г.Уянга гишүүн энэ хариултыг сонссоны дараа “Сайдын алба хашиж байхдаа эрх мэдлээ ашиглаж тойргийнхоо ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх нэг сая төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг өөрийн нэрээр тараасан гишүүдэд хариуцлага тооцох ёстой. Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгах ёстой” гэж мэдэгдсэн. Магадгүй УИХ-ын гишүүн Д.Хаян­хярваа, Н.Номтойбаяр нар “Хүний хөгжил сангаас өгч байгаа гэдгийг хэлж байж тараасан. Өөрийн нэрээр та­раагаагүй” гэж мэлзэх байх. Гэвч сайдтай, дэд сайдтай тойргийнхон учраас бусдаас илүү азтай байгаагаа “хугацаанаасаа эрт хувь хишгээ хүртсэн” сонгогчид мэдэрсэн нь ойлгомжтой. Ямар ч байсан тэднийг УИХ-ын гишүүнээр сонгогдоход тэр мөнгө гавьяа байгуулсан уу гэхээс “гай” болоогүй нь тодорхой шүү дээ. Харин Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягийн тухайд “Энэ лав зөв, сайн үйлдэл биш. Сонгогдож чадаагүй ч бусадтайгаа барьцаад яах вэ, ялгүй өнгөрвөл их юм” гээд ханцуйдаа залбираад амаа хамхисан нь лав. Ямартай ч тэд илүү давуу эрх эдэлчихсэн.

Тухайн үед ахмад настан, хөгж­лийн бэрхшээлтэй бүх хүнд үлдэгдэл 340 мянган төгрөгийг олгох боломж байгаагүй. Одоо ч Хүний хөгжил сан бараг нэг их наяд төгрөг орчмын өртэй. Хэрэв Ардчилсан намынхан энэ асуудалд шударгаар хандаж буруутнуудад хариуцлага тооцохыг хүсэхгүй байгаа бол Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Г.Уянга нар хавсайдаад Д.Хаянхярваагийн хууль бус үйлдлийг АТГ-аар шал­гуулж, Б.Тулгыг Ж,Сүхбаатартай өрсөлдүүлэн санал хураалгаж бүл­гийн гишүүнийхээ тоог нэмэх гэж оролдох нь лавтай. Энэ нь наанаа улс төр мэт боловч цаанаа хууль зөрчсөн бол хариуцлага хүлээлгэх ёстой гэх ардчилсан зарчмыг хангаж байгаа хэрэг юм. Харин МАН-ынхны хувьд Д.Хаянхярваагаа Ж.Сүхбаатараар солих эсэх, үүний цаана Сангийн сайд асанд “өртэй” эсэх нь тэдний асуудал. Нөгөөтэйгүүр “сөрөг хү­чин”-ий үүргээ биелүүлэхийн цаана харилцан тал засалцах уу, барь­цаалсан, тохиролцсондоо үнэнч байх уу гэдэг нь ч эндээс харагдах учиртай.

У.ОРГИЛМАА
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж