Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул нар тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул нар тэргүүлэв

Монголын шатрын холбоо, Уул уурхайн яам, “Энержи Ресурс” компанитай хамтран нэгэн сонирхолтой тэмцээнийг зохион байгууллаа. Энэ нь 15.5 сая төгрөгийн шагналын сантай, түргэвчилсэн тоглолтын тэмцээн юм. Уул уурхайн 90 жилийн ойд зориулан зохион байгуулсан уг тэмцээнд зургаан их мастераас гадна Монголын шилдэг 100 шатарчин өрсөлдсөнөөрөө онцлог байлаа. Нэг үгээр хэлбэл Монголын шатрын одод цугласан байв. Гурван өдрийн турш оюун ухаанаараа өрсөлдсөн уг тэмцээнд эрэгтэйчүүдээс их мастер Ц.Батчулуун түрүүлж, Б.Гүндаваа удаалсан бол ФИДЕ мастер У.Насанжаргал гуравдугаар байрт шалгарлаа. Харин ФИДЕ мастер Г.Мөнхгал, З.Бямбаа нар шагналт байрын эзэн болжээ. Тэгвэл эмэгтэйчүүдийг их мастер Б.Мөнгөнтуул найман оноогоор тэргүүлж, спортын мастер Г.Баярмаа удаалсан байна. “Мончесс”-ийн шатарчин их мастер Т.Батчимэг, олон улсын мастер Д.Янжиндулам нар гурав, дөрөвдүгээр байрыг эзэллээ. Эрэгтэй, эмэгтэй ангилалд түрүүлсэн их мастер Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул нар нь хоёул “Алдар” спорт хорооных билээ. Мөн шилдгүүдийн өрсөлдөөнд өндөр амжилт үзүүлсэн дөрвөн шатарчныг тусгай шагналаар шагнасан юм. Тэмцээний үеэр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар хэлэхдээ “Монголын шатарчид бас нэг сайн нөхөртэй боллоо. Энэ нь уул уурхайн салбарынхан юм. Цаашид гэсэн Монголын шилдэг шатарчдаа дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьсан юм.  

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж