Тираннозаврын асуудлыг эцэслэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Тираннозаврын асуудлыг эцэслэнэ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлээс Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн ясыг  Монголд хэзээ авчрах гэж байгаа тухай асууж, тодруулав. 
-Тарбазавр Батаарыг Монголынх гэдгийг нотлох баримтууд гүйцэд бүрдсэн үү. Хэзээ Монголд авчрах бол?

-Үлэг гурвэлийн ясыг Монгол руу ачуулах эсэхийг шийдэх давж заалдах шатны шүүх хурал ирэх арванхоёрдугаар сард болно. Нотлох баримтуудаа бүрдүүлэх ажил үргэлжилж байна. Уг шүүх хурлаар Монголоос тарбазавр батаар олдсон гэдгийг батлаж байж манайх руу ачуулах эсэхийг шийднэ. Монголынх гэдгийг бид хоёр ч шүүх хурлаар нотолсон гэхдээ Эрик Прокопи гэдэг хүн Батаар үлэг гүрвэлийн ясыг Монголоос олдоогүй гэдэг нотолгоо гаргаж ирэх гэж оролдож байгаа. Улсын Мөрдөн байцаах газраас тэр хүн яаж Монголоос батаарыг авч гарсныг тогтоохоор ажиллаж байгаа, баримтуудаа явуулж байна.

-Тухайлбал ямар баримтууд байна?

Эрик Прокопи Өмнөговь аймагт малталт хийсэн болон ясыг тээвэрлэж байгаа зураг олдсон болохоор шүүхийн шийдвэр бидний талд гарна гэж итгэж байна. Америк Монголын хооронд соёлын өвийг хамгаалах хэлэлцээ байхгүй учраас Батаарын ясыг буцааж өгөх шаардлагагүй гэж Эрик Прокопи бидний үндэслэлийг няцааж байгаа. Гэхдээ Монгол Америк хоёулаа ЮНЕСКО-гийн гишүүн учраас соёлын өвийг буцааж өгөх үүрэгтэй.

-Шүүх хуралд манай талаас оролцох уу?

Давж заалдах шатны шүүх хуралд манайхыг төлөөж, бидний хөлсөлж байгаа хуулийн фирм оролцоно.

-Үлэг гүрвэлийг гаргах үйлдэлд ямар хүмүүс оролцсон бол?

-Америкийн холбооны прокурорын газраас монголчууд оролцсон гэсэн баримт олдоогүй гэж бидэнд мэдээлсэн. Гэхдээ палентлогийн малталт хийх газруудыг хамгаалалтад аваагүйгээс болж хууль бусаар малталт хайгуул хийж байсныг энэ хэргийн ачаар бид мэдэж авсан. Эрик Прокопиг Монголоос дөрвөн үлэг гүрвэлийн яс гаргасан гэж сэжиглэж байгаа. Харин яаж манай нутаг дэвсгэрээс үлэг гүрвэлийн яс авч гарсныг бүрэн тогтоохоор Улсын мөрдөн байцаах газар ажиллаж байгаа. Ийм бизнес хийдэг сүлжээг удахгүй таслан зогсооно гэж найдаж байна.

-Батаарыг одоо хаана хадгалж байна?

-Нью-Йорк хотын цагдаагийн агуулахад байгаа. Монголд шинэ палеонтологийн музей байгуулж байж гаднаас олж авчирсан үлэг гүрвэлийн яснуудаа хадгалж хамгаалж бас нийтэд үзүүлэх хэрэгтэй байна. Манай яамнаас шинэ палентлогийн музей байгуулах санхүүжилтийн эх үүсвэр хөөцөлдөж байна. Үүний тулд хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. 
 

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж