“Нонгшим” гоймонг шинжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

“Нонгшим” гоймонг шинжлүүлж байна

БНСУ-ын “Нонгшим” компанийн бэлэн гоймонгоос химийн бодис илэрсний улмаас Тайвань, Хятад, Япон улс зах зээлээс эргүүлэн татахаар болсон билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын хэмжээнд бэлэн гоймонг худалдаалахыг түр хугацаанд хорьж, дэлгүүр худалдаанаас татаж эхэллээ гэсэн мэдээлэл гарсан.

Энэ талаар ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболд, бэлэн гоймон оруулж ирдэг “Чианти Монголиа” компанийн борлуулалтын менежер Г.Баярсайхан нараас тодрууллаа.

ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболд: Шинжилгээний дүн гартал түр хугацаанд худалдаалахгүй


-Бэлэн гоймонг түр хугацаагаар зарахааргүй боллоо. Ямар үндэслэлээр энэ шийдвэрийг гаргасан бэ?

-Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Нонгшим” компанийн үйлдвэрлэдэг бэлэн гоймонгийн амтлагчаас бензолин гэх бодис илэрсний улмаас Япон, Тайвань, Хятад гэх улсууд бэлэн гоймонг эргүүлэн татсан. Бид мөн энэ мэдээллийн дагуу шийдвэрлэх арга хэмжээг авч бэлэн гоймонгийн дээжийг мэргэжлийн хяналтын байгууллага руу явуулсан. Шинжилгээний дүн гартал түр хугацаагаар бэлэн гоймон зарахыг хориглож байгаа.

-Хэрвээ шинжилгээний дүн сайн гарвал буцаад худалдаж болно гэж ойлгож болох уу?

-Тийм. Эцсийн дүн гартал түр хугацаанд худалдаалахгүй. Хэрвээ шинжилгээний дүн муу гарвал хуульд заагдсан арга хэмжээг л авна.

-Түр хугацаагаар гэдэг нь яг хэдэн хоног вэ?

-Энэ нь тухайн хяналт явуулдаг байгууллагын хэр удаан хугацаанд шинжилгээ хийхээс шалтгаална.

-Өмнөд Солонгос руу энэ талаар танай байгууллагаас албан тоот явуулсан уу?

-БНСУ-ын эм хүнсний хяналтын агентлаг руу албан тоот явуулсан. Өмнөд Солонгосоос эцсийн дүн ирж, манай хяналтын байгууллагын шинжилгээний хариу гартал энэ хорио цээр үйлчлэх ёстой. Бидний авсан мэдээллээр “Нонгшим” компанид бэлэн гоймон нийлүүлдэг компанийн амтлагчаас бензолин гэх бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байсан гэсэн.

-Бэлэн гоймон оруулж ирдэг олон компани байдаг. Эдгээр компанийн төлөөлөлтэй уулзсан уу?

-Манайх бүх компанитай уулзаж амжаагүй. Харин “Green City” компанид манай байцаагч нар тулган шаардлага өгсөн. Компанийн төлөөлөл ч бидэнтэй уулзсан. Бид ер нь бүх компанид бүгдэд нь адилхан л шаардлага тавьж байгаа. Зөвхөн оруулж ирдэг компанид нь ч биш хувиараа үйлчилгээ эрхэлдэг хувь хүмүүс, жижиг дэлгүүрүүдэд энэ шаардлагыг тавьсан.

-Түр хугацаагаар хориглох тогтоол хэрэгжиж эхэллээ. Гэтэл хотын захын дүүргээр, гэр хорооллын дэлгүүрүүдэд бэлэн гоймон худалдаалж байна. Ер нь заруулахгүй байх тал дээр ямар хяналт тавих юм бэ?

-Хүндрэлтэй асуудлууд бий. Нуух юмгүй. Манай агентлагт өнөөдөр 42 албан хаагч бий. Улаанбаатарт битгий хэл нийт улсын хэмжээнд хяналт тавихад тун бэрхшээлтэй. Тийм учраас бид иргэдийн оролцоог чухалчилж байгаа. Хэрвээ тухайн иргэний оршин суудаг газар бэлэн гоймонг худалдаалж байвал манай байгууллагад хандаж болно. 1284 гэсэн тусгай дугаар болон фейсбүүк, твиттер зэрэг харилцаа холбооны шинэ үеийн сайтуудыг ашиглан хүсэлтээ ирүүлэх боломжтой.

-Компани бэлэн гоймонг ашиг олох зорилгоор л оруулж ирсэн байгаа. Энэ хугацааны алдагдлыг хэн төлөх юм бэ?

-Мэдээж компаниуд ашиг орлогоо бодох нь зүйн хэрэг. Гэхдээ зарж борлуулж байгаа бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн эрүүл мэндийг хохироодог, эрхийг нь зөрчдөг байж таарахгүй. Бидэнд хуулийн хүрээнд хяналт тавих эрх нь бий. Манай байгууллагын зүгээс тухайн компаниудын эрх ашгийг зөрчөөд, бизнесийн хүрээллийг нь бууруулахын тулд хар пиар хийгээд байгаа юм биш. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Тэгээд ч бид бараа бүтээгдэхүүнийг бүгдийг нь устгаагүй. Түр хугацаанд хорьсон. Мэдээж манайд оруулж ирж байгаа компаниуд тухайн байгууллагатай гэрээ байгуулсан гэж ойлгож байгаа. Нийлүүлэгч компани нь өөрөө зөрчил гаргасан учраас хохирлыг нь барагдуулах байх.

“Чианти Монголиа” компанийн борлуулалтын менежер Г.Баярсайхан:
Бүх компанийн бэлэн гоймонг хорих нь буруу


-Танайд бэлэн гоймон түр хугацаагаар зарахааргүй боллоо гэсэн албан тоотыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ирүүлсэн үү?

-Манайд ерөөсөө ирүүлээгүй. Бид өнөөдөр л мэдэж байна. Яг одоогийн байдлаар ШӨХТГ-ын хүмүүстэй ярилцаж байгаа байх.

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвшөөрөлтэй биз дээ?

-Зөвшөөрөлтэй байлгүй яахав. Бид шаардагдах бүх баримт бичгийг нь бүрдүүлсэн.

-Яг хэдий хэр хэмжээний хохирол учирч байна вэ?

-Яг одоогоор хэлэх боломжгүй байна. ШӨХТГ ийм шийдвэр гаргах нь зөв. Гэхдээ бүгдийг нь хамруулж ийм шийдвэр гаргах нь өөрөө буруу зүйл. “Нонгшим” компанийн албан ёсны веб сайтад болохоор нэг төрлийн бэлэн гоймонгийн амтлагчаас илэрсэн учраас шинжилгээний хариу гартал түр хугацаанд хориод байгаа. Түүнээс биш манайх шиг бүх компанийг хоморголоод хориод байгаа юм байхгүй гэж мэдээлсэн байна лээ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж