Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга асан Д.Урансүрэнд холбогдох эрүүгийн хэргийг гурван жилийн турш шалгаж байгаа ч сүүлийн үед сураг алдарсан. Энэ хэрэг чухам яаж шийдэгдсэнийг хэн ч мэдэхгүй. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр идэж уусныг нь шалгаж байна, мөрдөн байцаалтад буцав, хэрэгт шинжээч томилсон гээд янз бүрээр бичиж байснаас яаж шийдэгдсэн нь мэдэгдээгүй. Сураг алдарсан хэргийн талаар Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсайгаас тодруулахад “Д.Урансүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.1-ээр хэрэг үүсгэн шалгаж байгаад өнгөрсөн зургадугаар сард манай прокурор С.Хишигжаргал хянаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Энэ нь улсын хөрөнгийг шамшигдуулаагүй, идэж уусан нь тогтоогдоогүй гэсэн үг” гэв. Ийнхүү АТГ-аас шалгаж улсын хөрөнгө шамшигдуулсан гэх эрүүгийн хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болдог жишиг тогтсон гэхэд хилсдэхгүй болжээ. Уг нь мөрдөн байцаалтаар шалгагдаад прокурорт ирсэн хэрэгт прокурор хяналт тавих үүрэгтэй. Тэгээд үнэхээр хэрэг хийсэн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа бол яллах саналтай шүүхэд шилжүүлэх ёстой байтал шүүхээр шийдвэрлэхгүй шийдчихдэг болчихжээ. Энэ хэрэгт тун урт удаан хугацаагаар хяналт шалгалт хийсэн. Анх АТГ 2009 онд шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн ч хяналтын прокурор нь шинжээч томилох даалгавар бичсэнээс хойш сураггүй болсон. Хэргийг эргэн сануулбал, Д.Урансүрэн нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2005-2009 онд тус газрын ерөнхий нягтлан бодогч, даргаар ажиллаж байх үедээ бараа, ажил үйлчилгээг үнийн харьцуулалт, сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авсан, өөрийнх нь хүү Д.Мөнх-Оргил захирлаар нь ажилладаг “ДУМЕ” ХХК болон, өөрөө үүсгэн байгуулсан “Мон Ти Юү” зэрэг аж ахуйн нэгжээс зах зээлийнхээс өндөр үнээр бараа материал их хэмжээгээр хууль бусаар худалдан авдаг байсан, хэт өндөр үнээр малын эм тариа бэлтгэж бусдад худалдсан нь нотлогдсон гэдэг. Тодруулбал, Д.Урансүрэн малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эм бэлдмэл нийлүүлдэг хувийн компаниудаас авлига авч улсын төсвийн мөнгөөр чанарын шаардлага хангахгүй эм бэлдмэл худалдаж авсан. 2006 оноос хойш “Думе”, “Мон Ти Юу”, “Хатансүлд”, “Инвест Кредит” компаниас 329 сая 943 мянган төгрөгийн 40 орчим төрлийн эм бэлдмэл худалдан авч байжээ. Эдгээр эм бэлдмэлийн хугацаа дууссан, мөн шаардлага хангахгүйн дээр мэргэжлийн лабораторийн ямар ч шинжилгээгүй бүтээгдэхүүн байсан гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоосон. Гэтэл тус байгууллага нь мал эмнэлгийн байгууллагын үндсэн дүрэмд заасан төрийн үйлчилгээний байгууллагын үүргээ биелүүлэхээсээ илүүтэй дарга нар нь эрх мэдлээ ашиглан төсвийн хөрөнгө, малын буянаар бизнес хийж мөнгө тараадаг газар болон хувирчээ. 2007 онд гэхэд улсын болон орон нутгийн төсвөөс 351.2 сая, ажил үйлчилгээний орлогоор 103 сая төгрөг нийт 454,2 сая төгрөг болон шувууны томуу, гахайн томуу, үер усны гамшиг, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд зориулан Засгийн газрын нөөц сан, Засаг даргын нөөц, тусгай зориулалтын сангуудаас нийт 301,5 сая төгрөгийн орлого орж, зарцуулагдсан байна. Гэтэл энэ мөнгө нийслэлийн Засаг даргын захирамж болон зориулалтын дагуу зарцуулагдаагүй. 2005, 2006, 2007, 2009 оны санхүүгийн тайлан тооцоонд хийсэн шалгалтаар НМЭГ-ын үе үеийн дарга нар нь төсвийн хөрөнгө мөнгийг малыг эрүүлжүүлэхэд биш нэр бүхий хэдхэн компанийг хөлжүүлэхэд зориулан ямар ч тендергүйгээр баталгаагүй эм бэлдмэл, бараа материал өндөр үнээр худалдан авахад зориулсан байдаг. Д.Урансүрэн Төрийн албаны тухай хуулийг зөрчин СХД-ийн ИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдсон улс төрийн албан тушаалтныг орлогч даргаараа томилсон гэдэг мэдээлэл байдаг ч одоо хаана ямар алба хашиж явааг мэдэхгүй. Ийнхүү эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй хүн хэрэг хийвэл цагааддаг, хэрэгсэхгүй болдог үйлдэл ил биш юмаа гэхэд далд хэлбэрээр шийдэгддэг болжээ. Үнэндээ прокурор, шүүхийн байгууллага ч мөнгөтэй хүний халаасанд багтаж, хэргийг хялбар аргаар шийддэг болсон гэдэг зүгээр ч нэг цуу төдий биш бололтой. Идэж уусан баримтыг нь АТГ-аас тогтоогоод байхад хэрэг нь тогтоогдохгүй байна, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр 17 хавтаст хэргийг хаачихна гэдэг юу гэсэн үг бэ.
О.САЙХАНЦЭЦЭГ