“Шилдэг эко уурхай” хамгийн өрсөлдөөнтэй номинаци

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

“Шилдэг эко уурхай” хамгийн өрсөлдөөнтэй номинаци

Mongolian Mining Journal сэтгүүлээс Уул уурхайн оны шагналын номинациа гурав дахь жилдээ зарлаад байгаа билээ.  Mongolian Mining Journal Awards-т “Шилдэг уурхай”, “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа”, “Шилдэг эко уурхай”, “Шилдэг технологи”, “Хайгуулын шилдэг компани”, “Уул уурхайн тоног төхөөрөмжийн шилдэг ханган нийлүүлэгч” гэсэн зургаан ангилалд уул уурхайн компаниуд нэрээ дэвшүүлэн өрсөлдддөг. Эдгээрийн дотроос “Шилдэг эко уурхай” номинаци олон нийтийн анхаарлыг ихээр татдаг юм. Эдийн засгийн хөгжил болоод байгаль орчны хамгаалал хоёрыг зүй зохистой уялдуулж ажиллахыг чухалчлах болсон өнөө үед “Шилдэг эко уурхай” хамгийн өрсөлдөөнтэй номинаци байхаас аргагүй. Энэ номинацийн талаар МУИС-ийн Биологийн сургуулийн ахлах багш, доктор Н.Батсайхан бидэнтэй санал бодлоо хуваалцлаа.

Mongolian Mining Journal Awards арга хэмжээний ач холбогдлыг Та хэрхэн харж байна вэ?

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшдэг, уул уурхай, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хариуцаж байгаа аж ахуйн нэгжүүд нэг л  түвшинд сэтгэх хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд манлайлан ажиллаад, жижгэвтэр компаниуд хоцроод байна шүү дээ. Хариуцлагатай уул уурхайн хөгжлийг түүчээлж буй Австрали, Канад, АНУ гэх мэт улсуудын ашигладаг технологи, үзэл баримтлалыг шууд өөрийн хөрсөнд буулгах хэрэгтэй. Нөхөн сэргээлтийн ажлыг өндөр түвшинд, дэлхийн жишгээр хийж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бусдад нь таниулж, үлгэр жишээ болгоход “Mining Journal Awards” арга хэмжээ томоохон үүрэг гүйцэтгэдэг гэж боддог.

“Шилдэг эко уурхай” номинацид компаниуд нэлээд хүчтэй өрсөлдддөг. Энэхүү номинацийн шалгуур үзүүлэлт, онцлогийг Та хэрхэн харж байна вэ?

Уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудын дунд уралдаан зарлах нь нэг хэрэг. Гагцхүү шалгуур үзүүлэлтүүдийг чухалчлан үзэх ёстой. Аль дээр үеийн шалгуур үзүүлэлтүүдийг тавьчихдаг, тэгээд л зуун чавганц уралдахад нэг нь түрүүлнэ гэдэг шиг хэн нэг нь түрүүлдэг байж болохгүй. Орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн стандартуудыг түлхүү тавих хэрэгтэй юм. Жишээ нь дүйцүүлэн хамгаалах үйл ажиллагааны хөтөлбөрийг Байгаль орчны төлөвлөгөөндөө тусгах талаар энэ жил шалгуур үзүүлэлтдээ оруулж өгсөн нь сайшаалтай байна. Энэ аргыг хэрэгжүүлэх нөхцөл нь хуулиар бүрдчихлээ, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орчихлоо. Тэгэхээр энэ жилээс компаниуд үйл ажиллагааныхаа хөтөлбөрт дүйцүүлэн хамгааллыг оруулсан байх учиртай болж байна.

Өнөөдөр дэлхийд хувиргасан амьд организмын тухай айхавтар асуудал гараад ирлээ. Хурдан ургадаг харь зүйл, ганг тэсвэрлэх чадвартай хувиргасан организмыг ашиглах юм бол уугуул ургамал, амьтны аймаг нь мөхөлд хүрнэ. Хятад, Өвөрмонгол, Сибирийн хурдан ургадаг, ус их татдаг ургамал авчраад суулгачихвал Төв-Азийн эмзэг эко систем түүнийг даахгүй. Заг гэхэд усандаа ямар харам байдаг билээ. Навч нь иш шигээ нарийхан болчихсон хэрнээ үндэс сайтай байдаг. Гэтэл том том ногоон навчтай хурдан ургадаг ургамал авчраад тарьчихаар хамаг усыг нь хөрснөөс татаж аваад ууршуулчихдаг. Нөхөн сэргээлт хийхдээ нүдэнд харагдаж байгаагаас гадна цаад агуулгыг нь харах хэрэгтэй байгаа юм. Элсний нүүдэл, хөрсний элэгдлийг тогтоон барьж чаддаг, уугуул эко системд үйлчилж чаддаг ургамлыг нутагшуулсан эсэхийг шалгуур үзүүлэлтэд хамгийн чухлаар тавьж үзэх ёстой. Говийн бүсэд ургадаг ихэнх ургамал өдөр дэлбээгээ хумиад шөнө дэлгэдэг. Энэ нь өдөр ус чийгээ ууршуулж алдахгүй гэсэн байгалийн түүхэн хугацаанд бий болсон зохилдолгоо юм. Үндэсний хүч сайтай, намхан ургадаг ургамлуудыг л тарих ёстой. Дээр агаарт ногоороод байх нь гол биш хөрсний дор үйлчилж буй үйлчлэл ихтэй байх нь хамгийн чухал.

Мөн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд тухайн нутгийн ойр орчмын ургамлаас гадна үр ашгаа өгөх чадвартай, эмийн ургамлын түүхий эд болж зах зээлд борлогдох боломжтой ургамал тариасай гэж боддог. Уурхайн нүх ухахаар аяндаа ус гараад ирнэ. Тэр усыг ашиглан сүүдрэвч бүхий эмийн ургамлын талбай байгуулчихвал зүгээр нэг нөхөн сэргээлт хийсэн нэр зүүгээд орхихоос хамаагүй үр ашигтай юм.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж