МОХ-ны чуулганыг санаатайгаар бусниулсан гэв

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

МОХ-ны чуулганыг санаатайгаар бусниулсан гэв

Монголын оюутны холбооноос өнгөрөгч амралтын өдөр болсон ээлжит 18 дугаар чуулганыхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Чуулганд нийслэл болон орон нутгаас нийтдээ 277 хүн оролцсон байна. Чуулган уламжлал ёсоор нэг өдөр болох ёстой ч энэ удаа хоёр өдөр хуралдсан гэнэ. “Чуулганы хуралдаан улс төрийн нам хүчний явуулгаар хойшилж, хүндрэл үүссэн. Чуулган үргэлжилж байхад чуулганд оролцох мандатгүй МАН-ын Оюутны холбооны гишүүд ирж, хүндрэл үүсгэсэн. Мөн ХААИС, МУБИС-ийн оюутнуудыг сургуулиас нь чөлөө олгож, автобусаар зөөж олноор авчирсан байсан нь чуулган үргэлжлэхэд саад болж байлаа. Ингээд чуулган үргэлжлэх боломжгүй болж, 270 гаруй төлөөллөө багтааж, хуралдах хурлын заал ч олдохоо байсан. Тиймээс ШУТИС-д санал тавьж, аравдугаар сарын 27-нд чуулганыг үргэлжлүүлж, дуусгасан. Бид улс төрийн нам, хүчнүүдийг явуургүй аргаа болихыг шаардахаас гадна оюутнуудад хичээлээс нь чөлөө өгсөн сургуулийн захиргаатай хариуцлага тооцох байх суурьтай байна” хэмээн МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан хэлэв.

Ингээд МОХ нь ямарваа улс төрийн нам, хүчнээс ангид үйл ажиллагаагаа явуулах эрхтэй байгууллага болохоо мэдэгдээд, чуулганд саад болсон улс төрийн нам, хүчнүүдэд хандан улс төрийн бусармаг явдлаа зогсоохыг шаардсан мэдэгдэл явуулсан байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж