Аюурын уншигчдын анхааралд

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Аюурын уншигчдын анхааралд

Г.Аюурзана уншигчидтайгаа уулзана

"Номын түлхүүр” сэтгүүлийн газраас Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч Г.Аюурзаныг уншигчидтай нь уулзуулах өдөрлөгийг зохиох гэж байна. “Интерном” төв дэлгүүрт ирэх сарын 2-нд болох уг уулзалтаар түүний уран бүтээлийн талаар сонирхолтой яриа өрнүүлэхээс гадна зохиолчийн үгийг сонсох ховорхон боломж олдох нь ээ.

Зохиолч Г.Аюурзана 1988-1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөнөөс хойш орчуулгын болоод үргэлжилсэн үг, яруу найргийн олон номоо уншигчдадаа өргөн барьсан.

Тэрээр өнгөрсөн хугацаанд “Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “Сэтгэл рүү шагайгч түүнд” зэрэг яруу найргийн түүвэр, “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Амь тавьж буй шувууны далавч” хүүрнэл зохиолын эмхэтгэл, “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, "Шүгдэн" зэрэг роман хэвлүүлсэн. “Гурамсан цадиг” нь “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгсөд” хэмээх цуврал гурван романаа сонирхолтой ном болсон билээ. Зөвхөн утга зохиолын бүтээл бус философи-уран сайхны сэтгэлгээний чиглэлээр “Шинэ үеийн номын сан” цувралыг санаачлан “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг 10 боть ном гаргажээ. Мөн үндэсний утга зохиолын шилдэг өвийг хамарсан “Монголын сонгомол яруу найраг”, “Монголын сонгомол өгүүллэг” антологиуд эрхлэн гаргаж, “Дэлхийн сонгомол яруу найраг”, “Дэлхийн сонгомол өгүүллэг” антологуудыг орчуулан олны хүртээл болгосон юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж