Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Монгол Улсын нийслэлийн өдөр, Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 373 жилийн ойн мэндчилгээ

Эрхэм хүндэт Нийслэлчүүд ээ.

Та бүхэндээ Монгол Улсын нийслэлийн өдөр, Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 373 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Ардчилсан Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах үүргийг төр хүлээсэн байдаг билээ. Тиймээс нийслэлчүүдийнхээ сонголтоор шинээр байгуулагдсан НИТХ, Нийслэлийн Засаг дарга, Тамгын газар, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, Айх аюулгүй, Амар амгалан Улаанбаатар хотыг цогцлоохыг тэргүүн зорилгоо болгон ажиллаж байна. Бидний төрөлх нийслэл цөөн тооны дарга нарын хүрээлэлд биш, иргэн таны оролцоо хотоо хөгжүүлэх бодлого, шийдвэрт тусгалаа олж байх ёстой гэсэн зарчмын байр суурийг бид гол бодлогоо болгосон. Нийслэлийн эрхэм иргэн Та бид өнгөрсөн гурван сар хүрэхгүй хугацаанд олон чухал шийдвэрийг хамтдаа гаргалаа. Замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг зохион байгуулж, энэхүү ажлын үр дүнд хөдөлгөөны ачаалал 20 хувиар буурсан байна. Зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын ажлыг зогсоож хуулийн дагуу арга хэмжээ авч, хариуцлага тооцож эхэллээ. Барилга хот байгуулалт, газар олголтод гарч буй зөрчлийг арилгах талаар иргэдийн эрх ашигт нийцсэн шинэ бодлого боловсруулж баталлаа. Орон сууцны дундах хүүхэд, ахмадуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг талбай дээрх бүх захирамжийг бид  хүчингүй болгож, нийтийн эзэмшлийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк зэрэг хотын төвийн 1300 га газарт шинээр газар олгохгүй байхаар шийдвэрлэлээ. Алслагдсан гэр хорооллын 10 байршилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албыг шинээр байгуулж, төрийн үйлчилгээг иргэддээ ойртууллаа. Хорин жилийн турш Улаанбаатарын хөгжлийг тушсан хүнд суртал, авлигын хана хэрмийг нурааж, Авлигагүй Улаанбаатарыг бий болгохыг зорьж байна.

 Иргэдийн оролцоог ханган, нийслэлд шууд ардчиллыг  хөгжүүлэх зорилтын хүрээнд “Улаанбаатар сонсож байна” Нийслэлийн лавлагаа мэдээлийн төвийг шинээр нээн ажиллуулж эхэллээ. Энэ төв нээгдсэнээр нийслэлийн төр, захиргааны байгууллага, албан хаагчдын үйл ажиллагаанд иргэд чөлөөтэй хяналт тавьж, бодитой үнэлэлт дүгнэлт өгч, төрийн үйлчилгээг жинхэнэ утгаар нь шуурхай авах таатай нөхцөл бүрдлээ. Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ил тод байдал, иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах үүднээс нутгийн захиргааны байгууллагаас боловсруулж байгаа бодлогын баримт бичиг, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг 30-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэх, эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрээ 3 хоногийн дотор байгууллагынхаа цахим хуудсаар дамжуулж нийтэд мэдээлдэг тогтолцоог нэвтрүүлж байна.    

Жил бүрийн 10 дугаар сарын 29-нд тохиодог Нийслэлийн өдрөөр Улаанбаатар хотын иргэд тухайн жилийнхээ ажлыг дүгнэдэг, алдаа оноогоо хэлэлцдэг, ирэх жилийнхээ төлөвлөгөөг бодож боловсруулдаг тийм өдөр болгон тэмдэглэдэг болохыг уриалж байна. Та бидний өмнө цаг алдалгүй өөрчлөх, шинэчлэх, шийдэх олон тулгамдсан асуудал бий. Энэ бүгдийг шийдвэрлэж, улсынхаа нийслэлийг хөгжүүлэх, үр хойчийнхоо амьдрах амар амгалан хотыг бий болгоход иргэдийнхээ оролцоог хангаж, санаа бодлыг сонсож ажиллана гэдгээ та бүхэнд хариуцлагатайгаар мэдэгдье.

Нийслэлийн иргэн танд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ


2012 оны 10 дугаар сарын 29

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж