Эмэгтэй жүдочид тавдугаар байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.28-нд нийтлэгдсэн

Эмэгтэй жүдочид тавдугаар байрт шалгарлаа

Олимпийн жил болдог насанд хүрэгчдийн ангиллын цорын ганц ДАШТ болох багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразилийн Сальвадор хотноо өчигдөр эхэллээ. Амралтын өдрүүдэд үргэлжлэх багийн ДАШТ-д амжилтаараа дэлхийд ноёлж буй шилдэг багууд өрсөлдөж байна.

Эмэгтэйчүүдийн барилдаан өчигдөр болж, жүдо бөхийн өлгий нутаг гэгдэх Японы бүсгүйчүүд түрүүлжээ. Тэд шигшээ барилдаанд БНХАУ-ын багтай хүнд тулаан хийж, 3-2 харьцаатай ялалт байгуулсан байна. Японы багаас 52 кг-ын жинд Юүки Хашимото, 57 кг-д Анзү Ямамото, мөн +70 кг-ын жинд Мегүми Тачимото нар учраагаа ялснаар багтаа ялалт авчирчээ. Японы жүдочид хэсгийн барилдаанд Их Британи болон Бразилиийн багийг ялж, хагас шигшээд Кубын тамирчдыг ялснаар финалд шалгарсан. Багийн ДАШТ-ий хүрэл медалийг Бразили болон Кубын тамирчид хүртсэн байна.

Монголын жүдочдын тухайд медалийн төлөөх барилдаанд Бразилийн багт ялагдсан. Хэсгийн барилдаанд Украйныг 3-2, дараа нь БНСУ-ын жүдочдыг мөн 3-2 харьцаатай буулган авсан ч хагас шигшээ барилдаанд Хятадын багт 2-3 оноогоор дийлдэж, улмаар хүрэл медалийн төлөө Бразилийн багтай өрсөлдөн 5-0 харьцаатай ялагджээ.

Эрэгтэйчүүдийн барилдаан өнөөдөр орой Монголын цагаар 20.30 цагт, харин шигшээ барилдаан  03.00 цагт эхлэх хуваарьтай байна. Д.Төмөрхүлэг /66 кг/,  Г.Одбаяр /73 кг/, Г.Түвшинжаргал /81 кг/, Б.Жанчивдорж /-90 кг/, Б.Тэмүүлэн /+90 кг/ нарын бүрэлдэхүүнтэй Бразилийг зорьсон эрэгтэй жүдочид “D” хэсэгт сугалаа татсан бөгөөд хэсгийн эхний барилдаанд БНСУ-ын багтай барилдана. Ялбал Аргентин болон Алжирийн багийн ялсантай нь өрсөлдөх юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж