Нуураа андуурсан нугаснууд

Хуучирсан мэдээ: 2012.10.27-нд нийтлэгдсэн

Нуураа андуурсан нугаснууд

Орон нутагт “нүүдлийн шувуудын сонгууль болох гэж буй тухай өгүүллийг өчигдрийн нэгэн өдөр тутмын сонин тэргүүн нийтлэлээ болгожээ. Яалт байхгүй бичмээр санагдаад байсан сэдвийг надаас урьтаад түмэнд хүргэчихсэн учир онцгойлон уншлаа.

Тэгээд энэ сэдвийг түр орхиё гэж бодсон ч “Өөр зурвас”-таа бичихгүй бол санаа амарсангүй. ИТХ-ын сонгууль ойртож буй энэ өдрүүдэд “Нутаг минь” гэсэн нялуун үг Монгол орны хаа сайгүй дуулдаж байна гэнэ.

Тухайн газартаа мэндэлж, зарим нь бага насаа өнгөрөөсөн ч их хотод бууриа сахисан хүмүүс гэнэт нутагтаа хайр зарлаж “наян” юм болж байгаа дуулдана.

Бүр ижий, аав нь л тэр нутгийнх гэж байгаа боловч өөрөө нэг ч удаа хөл тавьж үзээгүй нөхдүүд гэнэт нутгаа санаад гүйж очоод байгаа ажээ. Тэр дундаа зэс, нүүрсний арвин их нөөцөөрөө түмний шуналыг хөдөлгөөд байгаа Өмнөговьд гаднын хүмүүс хайр зарлаж очих нь хавтгайрсан байна.

Тус аймгийн ИТХ-ын 33 суудлын төлөө өрсөлдөж буй хүмүүсийн гуравны нэг нь нийслэлээс оччихсон Даланзадгадтай танилцаж байгаа аж. Ийнхүү “Цаг цагаар нэг, цагаан сараа нэг” гэдэг шиг газар,шороондоо хайр зарладаг үе ирж нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийг сонгох сонгуулийн марафон солио, гажуу үзэгдэлтэйгээр хөдөөд эхэлчихжээ.

Монголчууд цөөхнийг ч хэлэх үү бүх ах, дүү нараа нэр дэвшүүлсэн аймаг ч байгаа дуулдана. Ах, дүү хүмүүс нэр дэвшиж болохгүй гэсэн хууль байхгүй учир тэр ч одоо дүүрч. Харин тухайн орон нутагтаа 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин ирж байнгын оршин суугч болсон иргэнийг ИТХ-ын сонгуульд дэвшүүлдэг хууль бол бий. Үүнийг үл огоорч нуураа андуурсан нэр дэвшигч нугаснууд хаа сайгүй ганганаж байна.

Нэгэнт өөрийнх нь ижил дасал болсон нуур биш тул тэдгээр нугаснууд хэсэг хугацааны дараа нүүдэллэн одох нь тодорхой.. Хүний нутгийн нууранд тэд хэзээ ч чин сэтгэлээсээ хандахгүй. Тэгэхээр сонгогчид минь нууранд чинь удаан хугацаанд сэлсэн танил нугаснууддаа саналаа өгвөл хожмын нэг өдөр өлзийгөө өгөх болов уу даа.

Ө.БАТХҮҮ
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж