Хүн амын өсөлт 4.5 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Хүн амын өсөлт 4.5 хувьтай байна

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр  2010 оны эхний улирлын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Тус хорооноос гаргасан мэдээллээр манай улс санхүү эдийн засгийн хямралаас гарч эхэлжээ. Нэгдүгээр улирлын байдлаар салбар бүрт нааштай үзүүлэлт  гарсан бөгөөд үүнд дэлхийн эдийн засгийн сэргэлт нөлөөлж байна гэж статистикчид дүгнэж байна. Тус газраас мэдээлсэн чихэнд чимэгтэй мэдээллүүдээс уншигчдадаа хүргэе.
                                         Хэрэглээний үнийн индекц 7,4 хувиар өсчээ
  Хэрэглээний үнийн улсын индекс энэ оны гуравдугаар сард өмнөх сартай харьцуулахад хоёр хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 7,4 хувиар өсчээ. Харин өмнөх оны мөн үеийнхээс 8,5 хувиар тус тус өссөн гэнэ. Ийнхүү өсөх болсон шалтгаан нь тээврийн болон боловсролын үйлчилгээний бүлгээс бусад бүлгийн үнэ өссөн нь хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын дүнгээр өмнөх оны жилийн эцсийнхээс 7,4 хувиар өсөхөд нөлөөлсөн байна.

                                         Чанаргүй зээл буурч эхэлжээ
      
 
Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт  өнгөрсөн сард  2974.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас хоёр хувиар буурчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өнгөрсөн сарын эцэст 384.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 9.1 хувиар өссөн гэнэ. Харин аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сард 2721.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас хоёр хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдлийн хувьд 149.4 тэрбум төгрөгт  хүрч, өмнөх сарынхаас 1.4 хувиар өссөн гэнэ. Банкны системийн хэмжээнд “шүдний өвчин” болоод байгаа чанаргүй зээлийн хувьд 416.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 6.3 хувиар буурчээ.

                                        Үнэт цаасны зах зээл сэргэж эхлэв

Зогсонги байдалд орсон хэмээх Хөрөнгийн зах зээлийн хувьд үнэт цаасны арилжаа өнгөрсөн сард 22 удаа явж, 3.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Нийтдээ 11, 7 сая ширхэг үнэт цаас арилжаалсан аж. Арилжаалсан үнэт цаасны тоо өмнөх сарынхаас гурав дахин, өмнөх оны мөн үеийнхээс 16, 4 дахин өссөн үзүүлэлт гарсан гэнэ. Энэ нь эдийн засагт сэргэлт үүсч байгаагийн нэгэн жишээ хэмээн эдийн засагчид дүгнэж байна.
                                             
                                               Татварын орлого өсөв

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний улиралд 554.8 тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 664,0 тэрбум төгрөг болжээ. Харин  нийт тэнцэл 109.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.  Гэхдээ төсвийн урсгал орлого 539,7 тэрбум, урсгал зардал 512.6 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 27,1 тэрбум төгрөгийн ашигтай гарсан гэнэ. Харин татварын орлого өмнөх оны мөн үеийнхээс 73.3 хувиар өссөн гэнэ. Энэ нь зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар, нэмэгдсэн өртгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар өссөн нь голлон нөлөөлжээ. Татварын бус орлогын хувьд өмнөх оны мөн үеийнхээс 5,6 хувиар өсөхөд төсөвт газрын өөрийн болон навигацийн орлого хоёр дахин өссөн нь голлон нөлөөлсөн аж. Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний улиралд 664,0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс  50.6 хувиар өсөхөд татаас, шилжүүлэг 46.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн хэмээн мэдээллээ.

                                                  Зорчигчдын тоо өсчээ

 Бүх төрлийн тээврээр энэ оны эхний улиралд таван сая тонн ачаа, давхардсан тоогоор 61 сая зорчигч зорчжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 696.1 мянган тонноор, зорчигчдын тоо 26.2 хувиар тус тус нэмэгджээ. Бүх төрлийн тээврийн хэрэгслээр тээсэн ачааны өсөлтөд өмнөх оны мөн үеийнхээс авто тээврээр тээсэн ачаа 10.4 хувиар, төмөр замын тээврээр тээсэн ачаа 18.3 хувиар өссөн нь нөлөөлжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад авто тээврээр зорчигчид давхардсан тоогоор 12.6 сая хүнээр, төмөр замынх 35.6 мянган хүн, агаарын тээврийнх 19.9 мянган хүнээр тус тус өссөн байна                                     

                                Барилга угсралтын тал хувийг гадныхан гүйцэтгэжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2010 оны эхний улирлын байдлаар (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 394,2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 13.4 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд нүүрс, газрын тос, төмрийн хүдэр,  47 хувийн агуулгад шилжүүлснээр молибдений баяжмал, цайр, хайлуур жоншны баяжмал, бүх төрлийн малын мах, гурил, архи, катодын зэс, ган төмөр хийц зэрэг аж үйлдвэрийн салбарын голлох нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөн нь нөлөөллөө. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт нүүрс олборлолт, газрын тос, шатдаг хийн олборлолт өссөн бол, боловсруулах аж үйлдвэрийн салбарт: хүнсний бүтээгдэхүүн, ундаа, тамхи , хувцас үйлдвэрлэл, үслэг арьс, цаас, цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, хэвлэх, дуу бичлэг хийх үйл ажиллагаа зэрэг дэд салбарын үйлдвэрлэл нэмэгдлээ. Улсын хэмжээнд оны эхний улиралд нийт 8,4 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсний дөрвөн тэрбум төгрөг нь дотоодын, 4, 4 тэрбум төгрөг нь гадаадын барилгын байгууллагуудад ногдож байна.

                                     Шинээр мэндэлсэн хүүхдийн тоо нэмэгджээ

Эрүүл мэндийн яамны мэдээгээр 2010 оны эхний улирлын байдлаар 1000 хүн амд ногдох төрөлт 6,1, нас баралт 1,6 хувьтай байгаа гэнэ. Статистикчдийн хэлж буйгаар төрөлт нэмэгдэн хүн ам өсөхийн хэрээр нас баралтын тоо ч гэсэн нэмэгдэж байгаа аж. Учир нь, сүүлийн хэдэн жилд хүн амын дунд хорт хавдар, элдэв халдварт өвчний өвчлөл нэмэгдэж байгаа нь нөлөөлж байгаа гэнэ.  Харин Монгол Улсын хүн амын ердийн цэвэр өсөлт 4.5  хувьтай гарлаа хэмээн статистикчид зарлалаа. Улсын хэмжээнд амьд төрсөн хүүхдийн тоо 2010 оны эхний улиралд 16875 болж, өмнөх оны мөн үеийнхээс 540 хүүхдээр,  амаржсан эх 16823 болж 545 эхээр тус тус нэмэгджээ. Харин хүүхдийн эндэгдэл төдийлөн буурахгүй байгаа аж. Тухайлбал, нэг хүртэлх насандаа 383 хүүхэд, 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 101 болжээ.  Харин эхийн эндэгдэл  найм болж өмнөх сараас дөрвөөр буурсан  байна.

                                            Хорогдсон малын 51,5 хувь нь ямаа

 2010 оны эхний улирлын мэдээлээс хамгийн хар бараан нь цас зуданд хорогдсон малын тухай мэдээлэл байлаа.Эхний улирлын байдлаар 2,7 сая эх мал буюу оны эхэнд тоологдсон нийт эх малын 14.5 хувь нь төллөсөн байна. Нийт 2130,8 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2.3 дахин бага байна. Улсын хэмжээгээр эхний улирлын байдлаар 3,8 мянган тэмээ, 207,5 мянган адуу, 347,3 мянган үхэр, 2501,5 мянган хонь, 3250,7 мянган ямаа буюу оны эхэнд тоологдсон нийт малын 14.3 хувьтай тэнцэх 6310, 8 мянган том мал зүй бусаар хорогджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5,7 сая толгой малаар илүү байгаа юм. Нийт хорогдсон малын 51,5 хувийг ямаа эзэлж байна.

                          
                            Тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ 22,7 хувиар буурчээ

Сүүлийн үед нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагдах иргэн, аж ахуй нэгжийн тоо өсч байгаа гэнэ. 2010 оны эхний улиралд 397.5 мянган хүн хамрагдан шимтгэл төлж байгаагийн 59, 1 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын, 40,9 хувь нь төсөвт байгууллагын даатгуулагчид байжээ. Нийгмийн даатгалын сангаас 2010 оны эхний улиралд нийт 83.4 тэрбум төгрөгийн тэтгэврийг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цэргийн болон тэжээгчээ алдсан иргэнд олгосон байна. Өнгөрсөн оны сүүлчээс хавтгайрсан халамж нэрээр олгож байсан халамжийг цэгцэлсэн. Энэ талаарх халамжийн зарцуулалт хэдэн хувиар буурсан талаар тодруулахад  “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 173.0 мянган хүнд олгож, 11.2 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 86.1 хувиар буурсан. Дээр нь олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 22.7 тэрбум буурсан” хэмээв.  Харин Хүний хөгжил сангаас энэ оны эхний улиралд 1.1 сая иргэнд 78.8 тэрбум төгрөг олгоод байгаа  талаар ч статистикийнхан дуулгаж байлаа.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж