Хуучирсан мэдээ: 2012.10.27-нд нийтлэгдсэн

Зургаа, долоон жилийн өмнөх тэд одоо өөр болсон. Харин бид байрандаа. Бид шударга бусын амьд гэрч, хариуцлагагүй байдлын бодит хохирогч, хүнд суртлын гол бай болон байрандаа л байна. Тэд харин бидний төлөө тэмцэж байсан бол саарал ордонд тухалж, ямар нэгэн агентлагийг толгойлж бидний үгийг хүргэхийн тулд улстөрчдийн диваажин болсон тэр л газар орогносон хэвээр…

ТЭД

С.Батзандан, С.Ганбаатар, Г.Уянга, Д.Батцогт, Л.Цог нар одоо бүгд УИХ-ын гишүүн болсон. Зарим нь босоогоороо, зарим нь суугаагаараа, зарим нь твиттерээр үзэл бодлоо илэрхийлж байна. Өмнөх жилүүдээс ялгаатай нь тэд гудамжинд гарч тэмцэх шаардлагагүй болсон. Амьдрал дээрх хүмүүсийн зовлон одоо тэдэнд хамаагүй ч юм шиг. Эсвэл бидний үгийг хүргэх гээд завгүй байна уу, бүү мэд. Зарим нь ямар нэгэн агентлагын толгойд гараад аль хэдийнэ амжжээ.

 Тэд үнэхээр УИХ-ын гишүүн, ямар нэгэн дарга нь болохын тулд биднийг ашигласан уу? Баримтаас харвал “тийм” гэсэн хариулт хэлэхээр байна.  Одоогоос хоёр, гурван жилийн өмнө “УИХ-д орохгүй, би хүчтэй хүн, ямар нэгэн ахын карманд ороогүй” гэж байсан нөхдүүд сонгуулийн салхи сэвэлзээд эхэлмэгц дүрс, хэлбэр нь огтоос өөрчлөгдөж өөрсдийн үзэн ядаад байсан тэр газар руугаа тэмүүлж эхэлсэн билээ. Үүнийгээ тэд ард түмний дуу хоолойг төрд илүү чанга хүргэх эрхэм зорилготой хэмээн тайлбарлаж байгаа. Өмнө нь тэднийг гудамжинд, Сүхийн талбайд жагсаж байхад төрийнхөн сонсдоггүй байж. Харин тэд сонсч эхэллээ, хэлэлцээрт хүрлээ гэж телевиз болгонд ярьж байсан нь одоо түүх болон үлджээ. Олон нийт  ч тэднийг тэмцэгчид мэтээр төсөөлж, итгэлээ чамгүй хайрласан. Харин тэд…

БИД

Зургаа, долоон жилийнх шиг байдал яг л хэвээрээ. Бүр дордсон ч юм шиг. Бараа бүтээгдэхүүний үнэ өсдгөөрөө өсч, төрөөс өгөх халамжийг горилогчдын тоо нэмэгддэгээрээ нэмэгдсэн. Тэмцлийн гол байранд зогсч байсан ард түмэн бид хэвээрээ л байна. Танилгүй хүн нь эмнэлэгт хэвтэж болдоггүй, шүүхт ялж болдоггүй, сургуульд орж болдоггүй, үхэж болдоггүй тийм нийгэм болж сөрөг талаараа өөрчлөгдсөн. Мөн тэдний тэмцдэг байсан Сүхийн талбай ч өнгө засч, саарал ордон цагаан болон хувирсан. Харин иргэд хэвээрээ…

Тэдний тэмцэл биеллээ олчихсон учраас тэд чимээгүй болсон уу? Харамсалтай нь үгүй. Одоо тэднийг орлох хэн нэгнийг хүлээж эсвэл тэдэн шиг нөхдүүд дахиж битгий “шоу” хийгээсэй гэсэн хүсэл тээн хүлээж байна. Чухам юуг гэдгийг нь мэдэхгүй ч бид хүлээж байна. Бид хүлээсээр…

БУСАД НЬ

Бусад нь уу тодорхой. Бас л байрандаа байгаа. Тэмцлийн сөрөг дүрээр тодроод байсан зарим нэгэн улстөрчид өнөө хэр нь Төрийн ордны зөөлөн сандалд тухалсан хэвээр. Намынх нь нэр өөрчлөгдөж, хоёр хуваагдсан хэдий ч өнөөх л танил болсон газраа суусан хэвээр байгаа. Төрийн албаны дунд шатанд хүнд суртлыг үүсгэдэг нөхдүүд ч сайн ажилчны үлгэр жишээ болон ажилласан хэвээр. Тэмцлийг хөндлөнгөөс дэмжиж байсан зарим нэгэн нь намын үзэл сурталтай залуусын байгууллагыг толгойлж, ямар нэгэн агентлагын дарга болон хувирчээ.
Богинохон ч гэлээ тэмцлийн гол утгыг таниулсан энэ богинохон хугацаанд тэд өөрчлөгдсөн. Харин бид болоод тэднээс бусад нь хэвээрээ…

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж