
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Зам, тээврийн сайд А.Гансүх “Авто замын зураг төсөл боловсруулах, авто замын барилгын ажил, засвар арчлалтын ажлуудын технологийг шинэчилж, орчин үеийн, манай орны нөхцөлд тохирсон дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх үүднээс Засгийн газрын тогтоолоор “Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв”-ийг шинээр байгуулаад байгааг дуулгахад таатай байна. Мөн Авто замын салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр Авто замын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна” гэдгийг онцлон хэлсэн юм. Үүний дараа Монгол Улсын Авто замын сүлжээний төв цэгээс дөрвөн зүг найман зовхист зорчдог хэрэглэгчдийнхээ аян замын ерөөлийг билэгдэж, Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд ном айлдан нийт авто замчдынхаа буян заяаг даатгасан юм.
2012 онд авто замын салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 118,2 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 141,4 тэрбум, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 70,5 тэрбум төгрөгөөр 3100 орчим км авто замын 87 гэрээт ажил хийгдэж байгаагаас 370 гаруй км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Мөн энэ үеэр ажил үйлсээрээ манлайлагсад салбарын “Тэргүүний авто замчин” тэмдгээр шагнуулсныг салбарын сайд гардууллаа гэж Зам, тээврийн хэвлэлийн албанаас мэдээллээ.