АТГ-ын ажилтнууд Сара Армстронгийг 10 цаг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

АТГ-ын ажилтнууд Сара Армстронгийг 10 цаг саатуулжээ

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй “SouthGobi Resources” компанийн хуулийн ахлах зөвлөх Сара Армстронгийн хувь заяа түүний эх орон Австрали улсын хэвлэл мэдээллийнхний анхаарлыг ихээр татаж байна.

Өчигдөр Австралийн эх газрын зүүн өмнөд дэх Тасмани арлын Бёрни хотод төвтэй “The Advocate” сонин С.Армстронгийн ээж Айвонн Армстронгоос утсаар бяцхан ярилцлага авчээ. “The Advocate” нь 130 жилийн түүхтэй, Австралийн орон нутгийн томоохон сонины нэг юм. С.Армстронг Тасмани арлын Рөүзбэри хэмээх уул уурхайн жижигхэн хотод төрж өссөн бөгөөд аав Лэс, ээж Айвонн нар нь одоо ч тэнд амьдардаг аж. Уул уурхайн компанид ажилладаг С.Армстронг өөрөө алт, зэс, хар тугалга, мөнгө, цайрын уурхайтай энэ хотод төрсөн нь сонирхолтой юм. Хатагтай А.Армстронг утсаар ярихдаа сэтгэл санааны хувьд илтэд хямарсан байдалтай байсныг “The Advocate” сонин тэмдэглэсэн байна. Тэрбээр охинтойгоо өдөр бүр утсаар ярьж байгаа бөгөөд нөхцөл байдал ноцтой байгаа хэдий ч охиных нь сэтгэл өөдрөг байгаа нь мэдэгддэг гэнэ.

Сара Армстронг хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сарын 20-нд ээжийнхээ төрсөн өдрөөр гэртээ урьдчилан хэлэхгүйгээр очиж, гэнэтийн бэлэг барьсан аж. Өчигдөр өглөө Австралийн Гадаад харилцааны яамнаас хатагтай А.Армстронг руу утсаар ярихдаа, Монголын тал болон тэнд буй төлөөлөгчийн газартай байнга холбоотой байж, бололцоотой бүхий л арга хэмжээг авч байгаа гэдгээ хэлжээ.

“The Advocate” сонин Монголд болж буй үйл явдлын талаарх нийтлэлдээ С.Армстронгийн ээжийн ярьсан зүйлийг ишлэл маягаар цөөн газар дурдсан бөгөөд түүний утсаар өгсөн ярианы нэг хэсгийг бид интернэт дэх зарим эх сурвалжаар дамжуулан авч буулгаснаа нийтэлж байна. Тэрбээр,

…“Ажилладаг компанийнх нь үйл ажиллагаа түр хугацаагаар зогссон тул охин маань ажлынхаа зарим хүнтэй өдрийг өнгөрөөдөг байсан юм байна. Тэр өдөр утсаар ярихдаа нэг л сонин байх шиг санагдсан, би шууд л мэдсэн. Тэгээд баривчлагдсан, шоронд орсон гэж хэлсэн. Тэгээд 10 цаг саатуулагдаж байцаалт өгсөн. Охинтой хамт нэг найз нь байсан юм билээ. Бас австрали хүн (Эрэгтэй хүн бололтой. Орч). Тэрийг бас баривчилсан гэсэн. Тэгээд бүхэл бүтэн 10 цагийн дараа сулласан байна лээ. Болоогүй ээ, хил гарахыг нь хориглосон. Охин уул нь Хонгконгт суурин байдаг. Сүүлийн дөрөв таван жил гэрээ энэ тэр хийх ажлаар Монголд очдог болсон, хоёр улсын дунд л явдаг байсан" гэжээ.

Аав, ээж хоёр нь охиноо эсэн мэнд ирээсэй гэхээс өөр хүсэх зүйл алга”. Австралийн өдөр тутмын хамгийн том сонин “The Sydney Morning Herald” С.Армстронгийн найз Люк Динтэй мөн уулзаж, зарим зүйлийг тодруулснаа өчигдрийн дугаартаа нийтэлсэн байна. Одоо Сидней хотод суудаг Л.Дин нь С.Армстронгтой хар багаасаа айл хөрш байсан гэнэ. Тэрбээр хэрэг явдал эхэлсэн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас хойш С.Армстронгтой утсаар холбоотой байгаа аж.

Найз бүсгүй нь утсаар ярихдаа гуньж гутраагүй мэт байх боловч ярианы өнгөнд нь сэтгэлийн дарамт   тодорхой мэдэгдсээр байгааг тэрбээр хэлсэн байна. Мөн “Хэдийгээр хорионд ороогүй ч одоогоор хил давах эрхгүй болоод байгаа. Өнөө маргаашгүй хоёр дахь удаагийн байцаалтад орно” гэж надад хэлсэн. Нөхцөл байдал нэлээд ноцтой болсон тул тэрбээр байнга сонор сэрэмжтэй, 24 цагийн хамгаалалттай байгаа” гэж Л.Дин ярьжээ. Мөн эхний байцаалт дээрээ хуулийн байгууллагын ажилтнууд С.Армстронгийг шинэ жилээс нааш гэртээ харих гэж оролдохгүй байхыг сануулсан гэнэ. Түүний бие даасан, тэсвэр хатуужилтай зан төлвийг ар гэрийнхэн нь үнэлж, найдаж байгаа ч ойрын ирээдүйд хувь заяа нь хэрхэх бол гэдэгт туйлын ихээр санаа зовж байгаа нь илт байгаа юм. Дашрамд сонирхуулахад С.Армстронгийг дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдгийг найз залуу нь хэлсэн байна. Австралийн Гадаад харил­цааны сайд Боб Карр Австралийн “ABC” агентлагт ярилцлага өгөхдөө С.Армстронгийг ямар нэг гэмт хэрэгт сэжиглэгдээгүй хэмээн хэлжээ. “Монголын албаны хүмүүс түүнтэй удахгүй дахин уулзаж ярилцана. Гэхдээ надад хэлснээр бол С.Армстронгийг ямар нэг хэрэгт буруутгаж байгаа зүйл огт үгүй. Харин түүний ажилладаг компани болон Монголын ашигт малтмалын асуудал хариуцсан байгууллага, Монголын АТГ-ын хооронд үүссэн цогц асуудалтай холбоотойгоор зарим зүйлийг асууж лавлах юм” гэж хэлсэн байна. Сайдын өгүүлснээр, Улаанбаатарт суугаа Австралийн ерөнхий консул Дэвид Лоусон  Монголын албаны хүмүүстэй С.Армстронгийг уул­зах бүрт хамт байлцахаар болж энэ тухайгаа манай ГХЯ-нд мэдэгдсэн гэнэ.  

Хамгийн сүүлд буюу өчигдөр орой ирсэн мэдээгээр Б.Карр Австралийн Гадаад харилцааны яамны тусгай үүрэгтэй төлөөлөг­чийг Улаанбаатар руу яаралтай мордуулсан байна. Сөүлээс ирж буй тэрхүү дипломатч С.Армст­ронгийн хэрэгт түүний эрх ашгийг хамгаалах зорилгоор Авст­рали улсыг төлөөлөн орол­цож буй консул Д.Лоусонд туслалцаа үзүүлэх даалгавартай ажээ.

Б.БАТ-АМГАЛАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж