Ирэх оны эхээр Пибоди компани Тавантолгойн Баруун Цанхийн хэсэгт Стратегийн хөрөнгө оруулагчаар тодрох эсэх нь шийдэгдэж магадгүй байна. Учир нь Пибоди компанийн Гүйцэтгэх захирал Грегори Бойс ирэх оны эхээр Засгийн газартай чухал хэлэлцээр хийх болов уу гэж Ройтерс агентлагт мэдээлжээ. Пибоди компани одоогийн байдлаар Тавантолгойн Баруун Цанхийн хэсэгт оператор компаниар ажиллах “урилга” хүлээж аваад буй юм. Гэхдээ энэ нь Стратегийн хөрөнгө оруулагчаас хавьгүй ондоо нөхцөл буюу зөвхөн гэрээт компаниар ажиллах хүсэлт юм.
Хэдийгээр Тавантолгойн Стратегийн хөрөнгө оруулагчаар Пибоди, Оросын төмөр зам тэргүүтэй консерциум, Хятадын Шинхуа зэрэг томоохон компаниудын аль нь тодрох нь бүрхэг болоод удаж буй. Нөгөөтэйгүүр Баруун Цанхийн хэсэгт томоохон компаниудтай хамтрах уу эсвэл Эрдэнэс Тавантолгой компани бие даан олборлох уу гэсэн хувилбарын аль нь хэрэгжих нь тодорхойгүй байсан.
Харин одоо уг ордыг томоохон компаниудтай хамтарч ашиглах урьдны сонголт хэрэгжих магадлал өндөр болоод байна.
Б.Төгс