Биднийг ямар цонхоор харах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Биднийг ямар цонхоор харах вэ?

Хорин жил ярьж, сонгуулийн үест улстөрчдийн хийрхэлээр амь орон сонгууль дуусмагц мартагддаг хүний эрхийн тухай Монгол Улс НҮБ-д илтгэл тавих ээлж таарчээ. Өөрөөр хэлбэл арваннэгдүгээр сарын 23-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монголыг хүнээ дээдэлдэг үү, “боолчилдог” уу гэдгийг хэлэлцэнэ. Засгийн газар өөрсдийн авч буй арга хэмжээний талаар илтгэл илгээх бол хүний эрхийг хэрхэн зөрчигдөж буйг хөндлөнгөөс ажиглагч төрийн бус байгууллагууд ч бодит төрхийг илчилнэ.
Ямар нэгэн цензургүй Монголын хүний эрхийг дүр зургийг харуулах илтгэл хэдхэн хоногийн дараа очих ёстой газартаа хүрэх талаар ТББ-ууд мэдээлж байна.

Харин олон нийтэд ил тодоор хэлэлцэгдээд дуусах шатандаа орж байх ёстой Засгийн газрын боловсруулах Үндэсний илтгэлийн талаарх мэдээлэл төдийлөн ил тод бус байгаагаас ямар тайлан өгөх нь ойлгомжтой болов.

Эрх баригчид иргэдийхээ эрхийг хэрхэн зөрчиж буй талаар өөрсдийн мэдээллийг дэлхий нийтэд дэлгэхгүй нь мэдээж. Нэг зүйлийг онцлоход бүхнийг амьдралд хөндий судалгаа, бодит бус тоогоор үнэлж дүгнэдэг Монгол Улсын эрх баригчдын хувьд таагүй нэгэн мэдээлэл нь энэхүү хэлэлцүүлэгт Монголын ТББ-уудын илтгэл болон Засгийн газрын илтгэлийг ижил түвшинд авч үзэх юм.
Тиймээс жинхэнэ утгаараа Монгол Улс хүний эрхийг дээдлэгч, хүмүүнлэг ардчилсан улс уу, эсвэл уландаа гишгэлж, дээд зэргээр зөрчдөг орон уу гэдэгт бодит үнэлэлт дүгнэлт өгнө.

Тэр ч утгаараа өнөөг хүртэл хариулж чадахгүй байгаа долдугаар сарын 1-ний асуудал, улстөрчдийн өөр өөрийнхөөрөө хариулахыг оролддог шүүх засаглалын шударга эсэх гээд олон асуултын хариулт эндээс тодорно. Дэлхий биднийг ямар цонхоор, хэрхэн харах вэ гэдэг ч энэхүү хэлэлцүүлгээс хамаарна.

Тэгвэл Монголын төрийн бодлого саармаг төдийгүй иргэдийнхээ эсрэг чиглэж байгааг харуулахуйц олон тоо баримтуудыг төрийн бус байгууллагуудын явуулах гэж байгаа илтгэлд дурдагджээ.

Тэрхүү илтгэлд сүүлийн арван жилийн хугацаанд хүний эрхийн байдалд Монгол Улсын хувьд ноцтой ухралт гарсныг цохон тэмдэглэснийг энд иш татаж болно.

Монголд хүний эрх хэрхэн, юунаас хамааралтайгаар зөрчигдөж байна вэ?

Шууд хэлэхэд гурван хүний нэг нь ядуу байгаа нь хүний эрхийн зөрчлийн ноцтой шалтгааныг бүрдүүлж буй гэж хүний эрхийн мэргэжилтнүүд үзэж байна.  Нийгэмд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн эзлэх түвшин, ядуурлын хэмжээ улам бүр өргөжин гэр оронгүй хүний тоо 4300-д хүрсэн, уул уурхайн ажиллагаанаас болж хүний эрх өргөн хүрээтэйгээр зөрчигдөж буй зэргийг ч энд дурдаж болно.
УИХ-аас улс төрийн дүгнэлт гаргуулахаар байгуулсан ч өнөөг хүртэл тодорхой ахицгүй байгаа ажлын хэсгээс урьдаад 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа үүссэн үймээний үеэр хүний эрх хэрхэн зөрчигдсөн талаар НҮБ өөрсдийн дүгнэлтээ гаргаж ч магадгүй байна.

Хэдийгээр Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид Монгол Улс нэгдэн орж, үүрэг амлалт авсан ч иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх, хараат бус шударга шүүхээр шүүлгэх эрхүүдийг хэрэгжүүлээгүй талаар ч энэ тайланд бий. Нөгөөтэйгүүр эрх баригчид олон нийтийн телевиз, радиогоос бусад мэдээллийг хаасны дараа жагсагчдын талаар зориудаар худал мэдээллийг иргэдэд түгээж мэдээлэл авах эрх чөлөөнд хэрхэн халдсан талаар ч дэлхий нийтэд дэлгэх нь.
Энэ мэтээр хүний эрх зөрчигдсөөр байхад “Зөрчигдөөгүй” гэх мэдэгдэл хийсэн ардчилсан Монголын Улсын Хүний эрхийн үндэсний комисс ч үүргээ биелүүлээгүйг НҮБ-д явуулах төрийн бус байгууллагуудын илтгэлээс дэлхий гайхан харах нь.

Тэгвэл Үндэсний илтгэлд ямар байна вэ?

Энэ талаар ямар нэгэн мэдээлэл одоохондоо алга. Тодорхой зүйл гэвэл Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт хэрхэн хэрэгжиж байгаа талаарх илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн яам бэлтгэх ёстой. Өөрөөр хэлбэл долдугаар 1-нд болсон үймээний үеэр иргэдийн сонгох, сонгогдох эрх хэрхэн зөрчигдсөн, үзэл бодлоо илэрхийлсэнийхээ төлөө хэрхэн яллагдаж, хэрхэн шүүгдсэн талаарх тайлангийн хэсгийг тэд боловсруулна гэсэн үг. Иргэд рүү гал нээсэн цагдаагийнхныг ч хэрхэн тайлагнахыг тэд шийднэ. Мөн эрүүдэн шүүх болон бусад хэрцгий байдлаар хүний эрхийг боосон цагдаагийн алба хаагчдын талаарх тайлан ч тэдний боловсруулах асуудал. Гэхдээ цагдаагийн зөв, буруу эсэхийг тайландаа хэрхэн тусгах нь нууц хэвээр байна.

НҮБ-аас Монгол Улсын хүний эрхийн байдлын талаарх тайланг хараат бусаар хэлэлцсэний эцэст тодорхой зөвлөмж гаргана. НҮБ-аас Монгол Улсын Засгийн газарт тодорхой чиглэлээр өгсөн даалгавар, Хүний эрхийн конвенцид нэгдсэн гишүүн орны хувьд олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгнө.

Хэрэв тэднээс өгөх зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй дүлий дүмбэ байдлаар хандвал дэлхий дахин биднийг Африкын орнуудтай зүйрлэх нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр НҮБ болон бусад донор байгууллагуудын зээл тусламжийн хэмжээ багасна гэсэн үг.

Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн зорилго нь Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг дүгнэн хэлэлцэх замаар хүний эрхийн нөхцөл байдлыг газар дээр нь сайжруулах явдал гэж судлаачид үзэж байна.

Энэ илтгэл нь хүний эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдөж, хууль, эрх зүйн орчноо хэрхэн өөрчлөх шаардлагатайг олж харахад чухал ач холбогдолтой болно.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж