Хатгал тосгоныхон УИХ-д хандана

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Хатгал тосгоныхон УИХ-д хандана

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоныхны сонгуулийн эрх Орон нутгийн сонгуулиар  зөрчигдөж буй аж. Энэ байдлаа холбогдох байгууллагад нь танилцуулахаар Хатгал тосгоны иргэдийн төлөөлөл нийслэлд ирээд байна.

Тус тосгоны иргэн Ш.Дүүжий, Б.Баасанжав, Б.Батбилгүүн нарын ярьж буйгаар Хатгал тосгон нь Алаг-Эрдэнэ сумын харьяанд байдаг. Орон нутгийн сонгуулийн хуулиар сум, багуудаас ИТХ-ын төлөөлөгчид тодорно. Харин тосгон гэсэн нэгжийг заагаагүй тул орон нутагт төлөөллийн эрхгүй хоцорч байгаа аж. Хатгал тосгон 850 гаруй өрх, 4000 шахам хүн амтай, үүнээс сонгуулийн насны 2000 гаруй иргэнтэй юм байна.

Хатгал тосгон уг нь 1992 он хүртэл хотын статустай 10 мянган хүн амтай, Монголын аж үйлдвэрийн анхны төвүүдийн нэг, усан боомт байсан юм. Тус тосгоны дунд сургууль 1923 онд байгуулагдсан, 1905 оноос орос худалдаачид усан замаар тээвэр хийж байсан, 1933 оноос анхны үйлдвэр болох ноос угаах үйлдвэр ажиллаж эхэлсэн түүхтэй газар юм. Тиймээс орон нутагт төлөөллийн эрх нь зөрчигдсөн тус тосгоны иргэд УИХ-д хандаж сум болох хүсэлт тавихаар болжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж