
Дорнод аймгийн Эрдэнэ, Цагаан-Уул, Цагаан-Овоо, Халхгол зэрэг сумын нэр бүхий иргэд МАН-аас нэр дэвшсэн Н.Номтойбаяр сонгуулийн өмнөхөн 335 хүнд тус бүр нэг сая төгрөгийн авлига өгснийг илчилсэн билээ. Ингэхдээ “Иргэдэд хувьцааны төлбөр олгох” гэдэг нэрээр халхавчилж, зургадугаар сарын 25-ны өдөр бэлнээр өгчээ. Хачирхалтай нь ийм мөнгө олгох тушаалыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон Сангийн сайд аснууд гаргасан байдаг. Чухам ямар шалгуурт нийцсэн болоод тэдгээр 335 хүн нэг сая төгрөг бэлнээр авсныг бүү мэд. УИХ, Засгийн газрын төвшинд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор шийдвэрлэсэн нэг сая төгрөгөө гурав хувааж, үлдэгдлийг нь ч өгч чадахгүй байхад тийнхүү нэг дор саяыг өвөртөлчихдөг нь сонирхол татна.
Энэ баримтыг дэлгэж хэвлэлийн бага хурал хийлгэсэн иргэд үүнийг “авлига” гэж үзэж байгаагаа нуугаагүй. Тэгэхээр тойрогтоо сая саяар нь мөнгө тараасан МАН-ын эрхэм гишүүний хууль зөрчсөн асуудлыг зүгээр орхихгүй байх.
Үүнээс гадна Н.Номтойбаярын хамгаалагчаар ажиллаж байсан залуу түүнийг авлига өгсөн, гэмт хэрэг үйлдсэн гэж мэдэгдээд маргааш нь хил даваад явчихсан тохиолдол анхаарал татна. Шинэхэн гишүүний “МАК” компани монгол хүний ажлын байранд 1400 гаруй хятад ажилчин ажиллуулсныхаа төлбөрт төлөх ёстой байсан 4.7 тэрбум төгрөгийг төлөхгүй байгаа тухай мэдээлэл ч чих дэлсдэг. Уг нь энэ мөнгө ажлын байрны төлбөр. Тиймээс холбогдох байгууллагууд түүнд хууль сануулсан байх гэдэгт итгэж сууна.
Дорнод аймагт сонгуулийн үеэр мөнгө тараасан хэмээн хэл аманд өртөөд байгаа Н.Номтойбаяр одоо их хурлын гишүүн. Тангараг өргөж, “дархан эрх”-ээ баталгаажуулчихсан. Гэхдээ Сонгуулийн хуульд мөнгө тараахыг хориглож, хэрэв ийм зөрчил гаргасан бол хариуцлага тооцох тухай тодорхой заалт бий. Хууль зөрчөөд их хуралд сонгогдсон бол тангараг өргөсөн байлаа ч хариуцлага нэхэх нь зүй ёсных.
Үүнийг зөвхөн дорнодчууд биш нийт монголчуудын эрх ашиг шаардана. Үе үеийн сонгуулийн дараа бид өнгө мөнгөний тухай ярьж, сонголт маань хэрхэн үнэгүйдсэн талаар ярьдаг. Харин олон жилийн яриаг энэ удаагийн сонгуулиар зогсоохоор шийдэж Сонгуулийн хуулийг баталсан шүү дээ. Тиймээс хуулиа хэрэгжүүлье. Хууль зөрчсөн хүмүүст төрийн төмөр нүүрийг харуулж, хуулийн дор амьдрах ёстойг нь сануулъя.
Эс бөгөөс өнгө мөнгөний сонгуулиас хэзээ ч салж чадахгүй. Сонголтоо луйвардуулсныхаа дараа “саналаа мөнгөөр арилждаг” гэж баалуулаад харамсаж суусан хэвээр үлдэнэ. Үүнийг та хүсэх үү?