КОЙКА Яармагийн усан хангамжийг шийднэ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

КОЙКА Яармагийн усан хангамжийг шийднэ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Нисэх яармагт байгуулах орон сууцны шинэ хорооллын цэвэр усан хангамжийн асуудлыг БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/ шийдвэрлэхээр боллоо.
 
БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй Зүүн Азийн цаг уурын түншлэл хөтөлбөрийн хүрээнд манай улсад “Яармаг орчмын орон сууцны шинэ хорооллын усан хангамж” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн агаад КОЙКА байгууллага өмнө нь байгаагүй их хэмжээний буюу нийтдээ 22,6 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх юм. Өнгөрсөн сард Ерөнхий сайд С.Батболдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр энэхүү төслийн Санамж бичигт гарын үсэг зурсан. Харин өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат, КОЙКА-гийн Ерөнхийлөгч Пак Де Вон нар төслийн Хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа.

2011-2013 он хэрэгжүүлэх энэхүү төслөөр Яармагт бага оврын усан цахилгаан станц барих, нарны сэргээгдэх эрчим хүчийг ашигласан усан хангамжийн системийг суурилуулах, ундны усны Мастер төлөвлөгөөг боловсруулах, тоолуургүй айл өрхүүдэд тоолуур суурилуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ундны усан хангамжийг сайжруулж, ундны усны үр ашиггүй зарцуулалтыг бууруулаад зогсохгүй сүүлийн үед эрчимтэй явагдаж буй цаг уурын өөрчлөлтийг даван туулахад багагүй хувь нэмэр оруулна гэж талууд үзэж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж