Нэг ч такси тэнцээгүй гэнэ үү

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Нэг ч такси тэнцээгүй гэнэ үү

Нийтийн тээврийн газраас жил бүр нийтийн тээврийн хэрэгслийн намрын оношлогоог хийдэг. Оношилгоо энэ жил есдүгээр сарын 20-нд эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл Амгаланд байрлах, хуучнаар 22 дугаар авто баазад үргэлжлэх юм. Одоогийн байдлаар нийтийн тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоо 54 хувьтай байна.

Нийтийн тээврийн хэрэгслийн ялангуяа том оврын автобусны чанар, үйлчилгээ үзүүлж байгаа ажилтнуудын харилцаа, хурд муу байдаг гээд иргэд автобусанд одооных шиг их суудаггүй байсан. Одооных шиг гэж хэлэх учир нь автобус нэгдүгээр эгнээгээр зорчиж, давуу эрх эдлэх болсон нь иргэдийн цаг хугацааг хэмнэх сайн талтай болж ачаалал нь ч нэмэгдсэн.

Ийн эрэлт хэрэгцээ ихтэй болоод байгаа нийтийн тээврийн автобус шаардлага хангаж байгаа эсэхийг ч бас онцгой анхаарах ёстой учир оношлогоонд автобусыг нэлээд онцолж байгаа гэсэн. Нийт 1027 том оврын автобус оношлогоонд хамрагдахаас өнөөдрийн байдлаар 560 нь оношлуулсан буюу 55 хувьтай байна. Үүнээс 53 автобус буудал зарлагч байдаггүй, доторх ариун цэвэр, суудлын бүрээс зэрэг муугаас тэнцээгүй ажээ. Харин үүн дотор зөвхөн техникийн шаардлага буюу хамгийн гол тоормосны ажиллагаа муугийн улмаас 15 автобус тэнцээгүй бөгөөд үйлчилгээнд гарахыг хоригложээ. Хүйтний улирал ирж буй энэ үед том оврын автобусны хувьд буудал зарлагч хамгийн хэрэгтэй. Хүйтэнд автобусны цонх цантаад, хаана яваа нь мэдэгдэхгүй буудлаа андуурч буух тохиолдол их гардаг. Тиймээс энэ байдлыг засахын тулд буудал зарлагчийг автобус бүрт байлгахыг автобус компаниудаа шаардаж байгаа аж.

Микро автобусны тухайд, хоёр төрлөөр нийтийн тээвэрт үйлчилдэг байна. Нэгдүгээрт, буухиа гэх төрөл нь хөл хөдөлгөөн ихтэй байдаг “Нарантуул” худалдааны төвийн чиглэлийг хэлдэг бөгөөд энэ чиглэлийн 519 микро автобус оношлогоонд оролцох ёстой гэнэ. Үүнээс 299 буюу 58 хувь нь оржээ. Микро автобусны нөгөө чиглэл болох туслах чиглэлээр үйлчилж байгаа 390 микро автобус оношлуулахаас 241 буюу 62 хувь нь орсон байна. Оношлогоонд орсон микро автобуснуудаас 11 нь тэнцээгүй аж. Эдгээр нь голдуу өнгө үзэмж, ариун цэврийн асуудал муу болон тоормосны төхөөрөмж  муу байсан зөрчил ч илэрсэн байна. Том оврын болон микро автобусны эдэлгээний эцсийн хугацааг 12 жил гэж тооцдог бөгөөд хэтэрвэл үйлчилгээнд гаргадаггүй гэнэ.

Тэгвэл таксины тухайд, сүүлийн үед оношлогоонд нэг ч такси  тэнцсэнгүй гэсэн мэдээлэл тарах болсон билээ. Энэ талаар Оношлогооны төвөөс лавлахад “Манай газар Цагдаагийн ерөнхий газартай хамтарч энэ оношлогооноос өмнө таксины үйлчилгээ явуулж байгаа компаниудад болон автомашинуудад шалгалт хийсэн юм. Түүгээр гарсан дүнг манайхтай нэгтгээгүй байж тийм мэдээлэл өгсөн байна. Тиймээс энэ дүн мэдээг хамтарч нэгтгэх хэрэгтэй юм л даа. Нэг ч такси тэнцээгүй гэсэн мэдээлэл ташаа” гэсэн тайлбар өгсөн юм. Таксины үзлэг оношлогооны явцын талаар бол  такси үйлчилгээний 14 аж ахуй нэгжийн нийт 406 такси орох ёстойгоос одоогийн байдлаар  179 нь орсон байна. Үүнээс хоёр нь өнгө үзэмж, үйлчилгээний ойр зуурын болон техникийн шаардлагаас болж тэнцээгүй гэнэ. Ер нь оношлогоогоор таксинаас илэрч буй зөрчил нь техникийн бүрэн бүтэн байдлаас гадна хаяг, шошго, касс буюу км заах мэдээллийн самбар байхгүй, байсан ч ажиллахгүй гэх зэрэг алдаа дутагдал гарч буй гэнэ. Таксинд явж байгаа машинууд одоо “элентра” маркийн машин зонхилж байна.Тэгэхээр машины бүрэн бүтэн байдал, эдэлгээний эцсийн хугацааг бодож үзэхдээ 10 жилээс илүү явсан машиныг таксины үйлчилгээндявуулахгүй гэж байгаа. Иймд зорчигчид “эртний” үеийн машинд сууж, амь насаа даатгахаас айхааргүй болсон гэж хэлж болох нь.

Дээрх зөрчлүүдийг гаргасан юм чинь одоо яах бол? гэсэн асуулт төрнө. Одоо нийтийн тээврийн эдгээр бүх хэрэгслийг ийнхүү оношлоод замын хөдөлгөөнд аюул учруулахаар техникийн зөрчил илэрсэн бол шууд замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хасах юм байна. Ингэхдээ нийтийн тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлтийн талаарх мэдээллийг төв бүртгэлд оруулж, улмаар автобус компани, такси, микро автобусны удирдах газарт оношлогооны дүн мэдээллийг хүргүүлдэг гэнэ. Ер нь нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийг тээвэрлэхтэй холбоотой асуудлаас гадна техникийн аюулгүй байдал. Энд хүний амь насны асуудал яригдах учир тэнцээгүй автобус, таксиг замын хөдөлгөөнд оролцохыг шууд хориглох юм. Харин өнгө үзэмж, доторх тохижилтын хувьд зөрчилтэй бол үүнийг тав хоногийн дотор арилгаж, оношлуулаад хөдөлгөөнд оролцох эрхээ авах боломжтой ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж