Хотын даргыг хөтөлбөрөө батлуулахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Хотын даргыг хөтөлбөрөө батлуулахыг шаардав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн IV хуралдаан өндөрлөлөө. Энэ удаагийн хурлаар Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчид нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 2/08 дугаар тогтоолын хэрэгжилт, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байруулалтын зарим арга хэмжээ авах тухай, төрийн өмчийн хувьцааг орон нутгийн өмчид шилжүүлэн авахыг дэмжих гэсэн тодорхой асуудлуудыг хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлгийн эхэнд НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан хотын дарга Э.Бат-Үүлээс үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрөө танилцуулахыг шаардлаа. НИТХ дахь МАН-ынхан энэ талаар “Хотын дарга үйл ажиллагааны хөтөлбөргүй ажиллах, хөтөлбөрөө ИТХ-аар батлуулахгүй байгаа нь зураг төсөлгүй барилга барихтай адил” гэсэн бол хотын дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө экспертизын шатанд явж байгаа. Багахангай, Багануур зэрэг дүүргүүдээс хэсэгчилсэн төлөвлөгөөгөө ирүүлээд байгаа” гэсэн тайлбар хийсэн юм.

Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нь Улаанбаатар хотыг 2012-2016 оны хооронд  ямар чиглэлээр хөгжүүлэх, хэрхэн удирдан зохион байгуулах бодлогын баримт бичиг байх учиртай аж.

Энэ удаагийн НИТХ-ын IV хуралдаанаар хөндөгдсөн бас нэг асуудал нь хотынхны шүдний өвчин болсон хог, утаа зэрэг асуудлаар үргэлжлэв.  Хуралдааны үеэр төсвийн төсөлд инженерийн шугам сүлжээ, дахин төлөвлөлт хийхэд зарцуулагдахаар тусгагдсан 10 тэрбум төгрөг хотын даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөс дутуугүй шүүмж дагууллаа. Задаргаагүй 10 тэрбум төгрөгийг ямар үнэмшлээр батлах вэ гэдэг шүүмж ч өрнөсний зэрэгцээ Б.Энх-Амгалангийн зүгээс хотын хогийг шийдэхийн тулд тусгасан 5.6 тэрбумын үлдэгдэл 1.2 тэрбумыг хэрхэн зарцуулах талаарх дэлгэрэнгүй задаргааг мэдээлэхийг шаардав.

Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат “Энэ 1.2 тэрбум төгрөгийг  хотыг хоггүй болгох хийгээд зам талбай цэвэрлэх машин худалдаж авах зэрэг ахуйн зориулалтаар ашиглана.  Зарцуулалтыг ирэх арваннэгдүгээр сард багтаана” гэсэн хариулт өглөө.

Гэхдээ  МАН -ын төлөөлөгчдийн зүгээс хотын даргад хандан  ирэх арваннэгдүгээр  сарын 5-ны өдөрт багтаан 2013-2016 оны үйл ажиллагааны үндсэн хөтөлбөрийг ИТХ-ын хуралдаанаар оруулж батлуулахыг шаардсанаар хурал өндөрлөв.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж