Ирэх өвөл хот хэрхэн өвөлжих вэ?

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Ирэх өвөл хот хэрхэн өвөлжих вэ?

Ирэх өвөл хот яаж өвөлжих вэ, хичнээн хороонд түүхий нүүрс түлэхийг хориглосон хязгаарлалт хийхэв, хэн нь хэдэн тонн хагас коксжуулсан нүүрс, үртсэн  шахмал түлш бэлтгэх, аль хороонд цахилгаан халаагуур хэрэглэх боломжтой гээд ирэх өвлийн бэлтгэл ажлын талаар хотын дарга холбогдох албаны хүмүүс болон түлш үйлдвэрлэгчдийг урьж уулзлаа.         
Өнгөрсөн жил хот түлш үйлдвэрлэгчидтэй санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж, тэдэнтэй уян хатан хандаж ажилласан бол энэ жилээс хатуу гэрээ байгуулж ажиллах юм. Учир нь, түлш үйлдвэрлэгч нараас ирүүлсэн түлш бэлтгэх тооцоонд тулгуурлан нийслэлийн гэр хорооллын түүхий нүүрс түлэхийг хориглосон бүсийг тогтоосон боловч түлшний хүрэлцээ хангалтгүй, чанаргүй, тогтсон хэмжээндээ хүрч нийлүүлээгүй гээд олон асуудал гарсан. Уулзалтын үеэр хэн хэдий хэмжээг бэлтгэнэ гэж амлаад хэдийг бэлтгэсэн талаар оролцогч тус бүрээс лавлахад зарим нь 5000 тонныг нийлүүлнэ гээд 800 тонныг нийлүүлсэн тохиолдол ч гарсан. Тиймээс хотын дарга тэднийг даахгүй нохой булуу хураана гэгчээр хийж чадахгүй юм аа амлахгүй, хэдий хэр хэмжээгээр хийж чадах нарийн тооцоогоо гаргаж ирүүлэхийг шаардаж, ирэх өвлийн бэлтгэлийг эртнээс хангахыг зорьж энэ уулзалтыг хийсэн юм. Энэ жилийн хувьд нэг онцлог нь үйлдвэрлэгч нараа дэмжих,  мөн иргэдээ үнийн дарамтад оруулахгүй байх үүднээс түлш үйлдвэрлэгч нарт тодорхой хэмжээний татаас үзүүлэхээр судалж байгаа. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зарцуулахын тулд үйлдвэрлэгч нартай хатуу гэрээ хийж, тогтсон хэмжээндээ нийлүүлэлт хийж чадаагүй бол алданги, торгууль тооцож ажиллана гэдгийг хотын дарга анхааруулсан байна.
“Түүхий нүүрс түлэхийг хориглосон бүсийг цаашид улам өргөжүүлнэ. Үүний цаана монгол хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа тул та бүхэн маш хариуцлагатай хандаж, зөв бодитой тоо гаргаж өгөөрэй” хэмээн тэрбээр онцлоод ирэх 7 хоногоос газар дээр нь явж танилцаад, дараагийн уулзалтаас өмнө хот ирэх өвөл хийх ажлаа тодорхой болгоно гэлээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж