Таван тэрбум ам.долларын бонд гаргана

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Таван тэрбум ам.долларын бонд гаргана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 76.9 хувийн саналаар тогтоолыг баталлаа. Хуралдаанд оролцсон 52 гишүүнээс 42 нь үнэт цаас гаргахыг дэмжсэн юм. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжинэ.

Ингэснээр Засгийн газрын хувьд  2012, 2013 онд  таван тэрбум ам.долларын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалах эрхийг аваад байна. Эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргана. Мөн Засгийн газраас гаргах энэхүү үнэт цаасыг халамж, төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулахгүй. Урт болон дунд хугацааны бүтээн байгуулалтын ажлыг хийхэд зарцуулахаар заагаад байгаа юм. 

Гэхдээ эл тогтоолын төслийг батлахын өмнө УИХ-ын гишүүн Ц.Нямдорж  санхүү эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй үед Засгийн газар их хэмжээний үнэт цаас гаргах нь эрсдэл дагуулж болзошгүй. Үр дүнгүй зарцуулбал, ачааг нь ард иргэд үүрнэ. Тэр дундаа хөрөнгийг салбар бүрт зарцуулахаар төлөвлөсөн нь хэдэн тийш байдгаа цацаад дуусах дүр зураг харагдаж байна. Дээр нь үр ашгийг тооцож оруулж ирээгүй, хяналтыг яаж тавих вэ гэдэг тодорхойгүй нь луйвар хийх боломж олгож болзошгүй хэмээн шүүмжиллээ. Харин УИХ-ын даргын зүгээс энэ бүхэнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хяналт тавиад явах ёстой шүү гэдгийг санууллаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж