Баталсан хийгээд батлаагүй төсөв

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Баталсан хийгээд батлаагүй төсөв

Нийслэлчүүд ирэх сард төсвөө хэлэлцэнэ. Тэгэхээр дараа жил юу хийх нь одоогоор агаарын зүйлс байгаа гэсэн үг. Өнөөдөр нийслэлийнхэн төсөв хэлэлцээд байсан нь юу юм бэ? гэж иргэн та гайхаж байсан байж болох. Өнөөдрийн хэлэлцсэн төсөв бол хөрөнгө оруулалт нь хоцроод байсан ажлууд дээр нэмэлт хөрөнгө төсөвлөхийн тулд нийтээрээ хэлэлцсэн гэж ойлгож болно. Ирэх оны төсөв хэлэлцэхээс өмнө байдал ямар байгааг бүгдээрээ харах гээд оролдъё.

Зарлага ихтэй төсөв

Төсвийн зардал 385 тэрбум төгрөг аж. Харин орлого нь 327 тэрбум. Он гарахад хэдхэн сарын хугацаа үлдсэн байхад юу амжих вэ гэж та бодож магадгүй. Дэлгэрэнгүйг та бүхэн нийслэлийн цахим хуудасанд зочлоод харах боломжтой. Төсвийн зардалд Нийслэлийн засаг даргын тамгийн агазрт 325 сая, захирагчийн ажлын албаны гэр хорооллын нэгжид 220 сая, замын хөдөлгөөний ачаалал бууруулахад 787 сая, сонгуулийн зардалтай холбоотойгоор дүүрэг тус бүрт 2,2 тэрбум төгрөгийг нэмжээ.

“Хот руу оруулсан хөрөнгө маш ихээр нэмэгдсэн. Хотын захиргаа л үүнийг дагаад томроод байсан. Үр дүнд нь Улаанбаатар хот олигтой хөгжиж чадсангүй. Хотын захиргаанд байгаа агентлаг, газруудын тоогоор хот сайжирдаг бол өдийд хөгжөөд алга болоод өгсөн байгаа. Даанч тэгээгүйг харж байгаа биз дээ. Хотын захиргаа гэдэг бол үндсэндээ хэдэн хүмүүсийн орогнодог ажлын байр, бизнес хийдэг газар л болж хувирчихлаа шүү дээ” гэж зурагдугаар сарын 6-ны өдөр “Ардын Эрх” сонинд ярьж байсан билээ. Улсад нийслэл 70 тэрбум төгрөг төвлөрүүлнэ, эргүүлээд улсаас 109 тэрбумыг хотод өгөх ажээ. Дараа жил болтол энэ их мөнгөөр ажил хийж амжихгүй бол дараа жилийн төсөвт оруулах байдлаар ажиллах юм байна.

Огт батлаагүй төсөв

Ирэх оны төсөв огт батлагдсангүй. Тэгэхээр ирэх онд юу хийх нь одоогоор тодорхойгүй байна гэж ойлгож болно. Утаа ид эрчимтэй өсдөг улирал нь 1-2 дугаар сар гэтэл ирэх онд хэрхэн ажиллах нь тодорхойгүй байна. Хотын даргын хэлээд байгаа гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох, амины орон сууцны хороолол болгох зэрэг асуудал хөрөнгө нь батлагдаагүй учраас агаарын яриа болон үлдэж байгаа нь тодорхой. “Би уг нь өнөөдөр ирэх оны төсөв хэлэлцэж байна гэж ойлгосон. Гэтэл төсвийн тодотгол хэлэлцэж байна гэхээр нь гайхлаа. Он гарахад хоёрхон сар үлдэж байхад яагаад ирэх оны төсвийг хэлэлцэхгүй байгаа юм бэ гэж хотын удирдлагуудаас асуумаар байна” гэж Г.Батка гэж нэрлэсэн залуу өөрийн фейсбүүк хуудсандаа бичжээ. Твиттерээр ч ийм асуулт урссаар байна.

“Уг нь төсвөө эрт баталчихвал хөрөнгө оруулалтыг хэрхэн зарцуулах зэрэг нь тодорхой болдог юм. Гэхдээ улсын төсөв батлагдаагүй байгаа болохоор хүлээж байж болох талтай. Хүлээж байгаа тохиолдолд зэрэг яриад явбал зүгээр юм” гэж эдийн засагч Г.Халтар ярьж байсан юм. Ямар ч байсан одоогоор ирэх оны төсвийг ярьхад эрт байна гэж үзжээ. Учир нь 2012 оны төсвөөс зарим нэгэн ажилд шаардлагатай мөнгө дутсан учраас тодотгол хийхээс өөр аргагүй болсон аж. Мөн хөрөнгө мөнгөө шийдчихсэн байсан хэд, хэдэн ажил дараа жил хийгдэхээр болж хойшилсон байна.

Иргэдэд нээлттэй төсөв

Ирэх оны төсвийг иргэдээрээ хэлэлцүүлбэл болохгүй зүйл байхгүй. Хотод амьдарч байгаа учрыг нь ойлгох хүмүүс амьдралаас тасарсан зйл хэлэхгүй нь лавтай. Мөн хийх ажлуудаа хувийн компаниас нь шууд асууж төсөв хэлэцэх ажилд татан оролцуулбал юунд зарцуулагдаад байгаа нь мэдэгдэхгүй олон тэгтэй тоо батлагдахгүй ч байж магад. Залуусыг татан оролцуулахын тулд фейсбүүк, твиттер гээд олон нийтийн сүлжээ сайтуудыг ашигласан ч болохгүй гэх юмгүй. Ингэж хэлэлцээд буруудаагүй олон том хотууд бий. Лондон, Манчестер, Дейтон, Осака гээд явж өгнө. Сүүлийн 60-70 жил иргэдэд хаалттай байсан төсвийг энэ жил нээлттэй болгочихвол үр дүн нь яав ч сөрөг гарах учиргүй.

тоймч Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж