Хотын дарга түлшний эрэлд гарав

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Хотын дарга түлшний эрэлд гарав

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэсэн үг байдаг даа.  Тэр үгийг хэрэгжүүлэхээр Хотын дарга амралтын өдрүүдэд Дархан-Уул аймгийг  зорив. Тус  аймагт хагас коксон шахмал түлш үйлдвэрлэж буй хоёр үйлдвэр байгуулагджээ. 100 хувь өөрсдийнхөө эр зориг, хөрөнгө оруулалтаар босгосон үйлдвэрүүдийг нь  Хотын дарга Г.Мөнхбаяр  болон түүний орлогч  Д.Ганболд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Д.Баттулга, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар үзэж сонирхсон юм.  Дархан-Уул аймагт байгуулагдсан эдгээр үйлдвэрүүдийн тухайд хагас коксон шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн анхны үйлдвэрүүд юм байна. Өөрөөр хэлбэл, "Шарын гол энержи", "Нако түлш"-ээс өөр коксон шахмал түлш үйлдвэрлэж буй компани манай улсад байдаггүй юм байна. Эдний бүтээгдэхүүнүүд нь утаагүй, илчлэг өндөртэй, дулаан барилт удаан, эдийн засгийн хувьд үр ашигтай учраас утаагаар овоглуулж муу нэр дуулдаг ”хүмүүс”  хэрэг болгон зорьж очсон нь энэ. Хотын дарга коксон түлшний үйлдвэрүүдтэй танилцах үеэрээ  технологийг нь онцлон асууж явав.  Хагас коксон шахмал түлш буюу утаагүй түлшний технологийн онцлог нь нүүрсийг 450-600 градус хэмийн дулаан задралын урвалд оруулж, дэгдэмхий хийг нь ялгаж авдаг байна.
Улмаар даралтаар шахаж өндгөн хэлбэртэй шахмал түлш болгодог гэж тайлбарлаж байв. Энэхүү түлшийг гэрийн зууханд түлэхэд түлшний зарцуулалт 1,5-аас хоёр дахин багасдаг гэв.  Экологийн хувьд шатах үед утаагүй, бүрэн шаталттай,  шатаж дууссаны дараа анхны хэлбэрээ алддаггүй тул үнс бургиж  тоосордоггүй, агаар бохирдуулдаггүй гэнэ. Харин эдийн засгийн хувьд  шаталтын үед дулаанаа нүүрснээс удаан барьдаг, нэг айлд 3-аас 3,5 тн коксон түлш орохын зэрэгцээ нэг уутанд 25 кг-аар савласан коксон түлш 2500-3000 төгрөгийн үнэтэй гэж үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ магтав. 
Тус хоёр үйлдвэр бүтээгдэхүүнийхээ үндсэн орц болох нүүрсийг Шарын голын уурхайгаас татаж үйлдвэртээ боловсруулалт хийнэ. Одоогоор үйлдвэрийн бүх шат дамжлагаа хөл дээр нь босгон,  өнгөрсөн жил багахан хэмжээний бүтээгдэхүүний борлуулалт хийсэн гэцгээлээ. Түүхий нүүрс түлэхгүй байхаар хотын удирдлагуудын  зүгээс шийдвэрлэсэн Улаанбаатар хотын  32 хороонд ирэх жил шахмал түлш нийлүүлье гэхэд чин үнэндээ эдийн засгийн дэмжлэг хэрэгтэй байна гэсэн хүсэлт тэд тавьцгаасан. Коксон түлшний нэг үйлдвэр байгуулахад  1,5 сая ам доллар зарцуулжээ.  
Энэ хөрөнгийг зээл тавин байж босгосон болохоор эхний жилүүдэд яалт ч байхгүй төрийн дэмжлэг хэрэгтэй гэж үйлдвэрийнхэн хэллээ.  Түлш үйлдвэрлэгчид иргэдэд нэг тн коксон түлшээ 90 мянган төгрөгөөр борлуулах учиртай.  Алдагдал болох 60 мянгөн төгрөгийг татаац байдлаар нөхөх тухай асуудал энэ үеэр  гарав.  Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон энэ учир шалтгааныг нь дараачийн хуралдаанаараа ярилцахаар амлав.
Ялангуяа өвөл болохоор утаагаар овоглуулчихдаг Хотын дарга Г.Мөнхбаяр утаагүй түлшний эдгээр үйлдвэрүүдийн саналыг дэмжинэ гэж хэлэв. Гэхдээ нэг болзол нүүрэн дээр нь хатуухан гэгч нь тавихаа мартаагүй. Тэр нь дээрхи үйлдвэрүүдээс нийлүүлэх бүтээгдэхүүн Улаанбаатар хотын утааг бууруулахад дорвитой өөрчлөлт мэдрүүлэх ёстой гэсэн шаардлага байлаа. Төрөөс ийнхүү дэмжлэг үзүүлэн итгэл хүлээлгэж байхад утаа хөшилдүүлсээр байх юм бол дуугай өнгөрөөхгүй.  Харин ч эргээд чанга арга хэмжээ авах болно гэж ам өчгийг нь авсан юм.
Улаанбаатар хотын гэр хорооллынхон өвлийн улиралд нэг сая тн нүүрс түлдэг гэсэн судалгаа бий. Түүнийг орлох хэмжээний утаагүй түлш базааж авахын тулд хотын дарга ийнхүү Дархан-Уул аймагт очоод ирлээ. Хахир өвөл ирж,  утаа униар суунаглах цагт биш  хавар эртнээс их хотынхоо түлээ түлш бэлтгэх ажилд  санаа тавив.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж