Хүний эрхийн үндэсний илтгэлийг хэлэлцүүлэх чуулганд оролцов

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн үндэсний илтгэлийг хэлэлцүүлэх чуулганд оролцов

Швейцарийн Холбооны Улсад энэ сарын 24-26-нд ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн үндэсний илтгэлийг хэлэлцүүлэх (Universal Periodic Review-UPR) ажлын хэсгийн 14 дүгээр чуулганд оролцож, зарим орны хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний илтгэлтэй холбогдуулан үг хэлэв.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ) нь Ерөнхий ассамблейн 2006 оны 60/251 тогтоолоор байгуулагдсан бөгөөд хүний эрхийг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий НҮБ-ын институт юм. ХЭЗ нь 47 гишүүнтэй ба гишүүн орнуудыг Ерөнхий ассамблейн чуулганаар сонгодог.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын дагуу НҮБ-ын гишүүн орнуудын хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний илтгэлийг 2008 оноос UPR ажлын хэсгийн чуулганаар хэлэлцүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийт 198 орны илтгэлийг хэлэлцсэн байна. 2012 оноос хоёр дахь үе шатны хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд энэ сарын 22-ноос 11 дүгээр сарын 5-ны өдрүүдэд хуралдах чуулганаар Аргентин, Габон, Гана, Украин, Гватемал, Бенин, Өмнөд Солонгос, Швейцари, Пакистан, Япон, Шри Ланка, Замби, Перу зэрэг нийт 14 орны илтгэлийг хэлэлцүүлэх юм.

Хоёр дахь шатны хэлэлцүүлгээр Хүний эрхийн зөвлөлөөс өмнөх үе шатны хэлэлцүүлгийн үед улс орнуудад өгсөн зөвлөмжийн биелэлтэд анхаарал хандуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх юм.
Манай улсын  хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний анхдугаар илтгэлийг 2010 онд хэлэлцүүлсэн бөгөөд дараагийн илтгэлийг 2015 онд хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна.

Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ерөнхийлөгч хатагтай Лаура Дюпуй Лазерр-тай НҮБ-ын байранд уулзаж, хүний эрхийг хангах, хамгаалах олон талт тогтолцоон дахь манай улсын оролцоо болон хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.
 
Гадаад харилцааны сайд Л.Болд хэлэхдээ, хүний эрхийг хангах, хамгаалах нь манай улсын гадаад бодлогын нэг тулгуур бөгөөд Монгол Улсын Засгийн газар хүний эрхийг хамгаалах, хөгжүүлэх асуудал онцгой ач холбогдол өгдөгийг нотлоод хүний эрхийг сахин хамгаалах асуудлаар бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хүч чармайлт гаргаж, хувь нэмрээ оруулахын тулд 2016–2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллахаар албан ёсоор нэрээ дэвшүүлээд байгааг мэдэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд цаазаар авах ялыг хориглосноор энэ оны 1 дүгээр сард Монгол Улсын Их Хурал Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халах тухай II нэмэлт протоколыг  соёрхон батлаад байгаа бөгөөд Хүний эрхийн үндэсний илтгэлтэй холбогдуулан гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлж байгааг сайд Л.Болд дурдав. Түүнчлэн, Монгол Улс 2011–2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Даргаар ажиллаж буй хугацаанд хүний эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулж, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газартай хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэв.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ерөнхийлөгч хатагтай Лаура Дюпуй Лазерр Монгол Улс Цаазаар авах ялыг халж, хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд бодитой хувь нэмэр оруулан бусад улс орнуудад үлгэр жишээ үзүүлж байгаад баяр хүргээд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдох үйл ажиллагаанд амжилт хүсэв гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж