“Рио Тинто” компанийн Австрали дахь зарим уурхайн үйл ажиллагаатай танилцахаар Монголын уул уурхайн мэргэжилтнүүд, судлаач багш нар, хэвлэл мэдээллийн төлөөллийн хамт Шинэ Өмнөд Уэльс мужаар аялаад ирсэн юм.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөр хамгаалал, байгаль орчны хэлтсийн дарга, Техникийн сургуулийн Уул уурхайн олборлолт, боловсруулалтын тэнхмийн профессор С.Давааням:
Нортпаркесын уурхайн үйл ажиллагаатай танилцаад ямар сэтгэгдэл төрөв? Онцолж харсан зүйл тань юу байв?
Нортпаркесаас уурхайн соёл харагдаж байна. Соёл гэдэгт ойлголтод их олон зүйлийг оруулмаар байгаа юм. Ажилтнуудынх нь аливаад хандаж буй хандлага, ажлаа тайлбарлаж буй байдал, дэс дараалал, өмсөж буй хувцас хэрэгсэл, тэмдэг тэмдэглэгээ, ажилчинд хүнд зориулсан зүйлс гээд олон зүйлээс энэ уурхайн соёл харагдаж байна. Уурхай юуны төлөө байх ёстой юм бэ? Уурхайн төлөө байна уу, хүний төлөө байна уу гэдэг нь энэ уурхайгаас үнэхээр мэдрэгдэж байна. Газар дор ажиллана гэдэг бүх талаараа хүнд хөдөлмөр. Амьсгалдаг агаараас эхлээд ус чийг, тоос шороо гээд эрсдэл өндөртэй орчин. Энд аюул дүүрэн байна, эрсдэл ч байна. Тэр эрсдэлийг миний л мэдэхийн орчин үеийн техник технологийн түвшинд хамгийн бага түвшинд хүргэж чаджээ гэсэн сэтгэгдэл төрлөө.
Баяжуулагч хүний хувьд үйлдвэрийг нь нэлээд сайн шинжих шиг боллоо?
Харин баяжуулах фабрикийн хувьд арай өөр байна шүү. Байгаа байдал нь Эрдэнэтийг гүйцэхээргүй харагдаж байна. Технологийн түвшин, ашиглаж буй тоног төхөөрөмжийн хувьд тийм ч сайн биш санагдлаа. Хөвүүлэх машины ажиллагаа, бүх камер нь жигд биш агаартай байна. Энэ нь автоматжуулалтын систем ажиллахгүй байгааг харуулж байна гэж би ойлгосон. Зарим камер бүр хоосон болчихсон байна. Түвшин тохируулдаг зүйл нь байхгүй байна. Өтгөрүүлэгчийн халиа шалан дээр асгарч байна. Зэсийн баяжмал бүхий ус хаягдаж байна гэсэн үг. Буцаагаад насосоор шахдаг гэж байна лээ. Тийм бол, эргэж буцсан цикл үүсгэн, технологийн процесст муугаар нөлөөлж буй хэрэг. Үйлдвэрлэл явуулж буй байдлынх нь соёл далд уурхайгаа арай гүйцэхгүй мэт санагдав.
Баяжуулах үйлдвэрийг шавь маань тайлбарлаж үзүүллээ. Асуугаад байхад, ажиллаж буй операторууд нь мэргэжлийн бус шахуу хүмүүс юм байна. Ашигт малтмалын баяжуулалтын процессыг мэдэхгүй шахам химийн инженер хүн супервайзераар ажиллаж байна. Зөвлөдөг мэргэжилтэн нь хими технологийн чиглэлийн хүн байна. Тэр хүн флотацийг ойлгож болно. Бутлах, тээвэрлэх процесс бол арай өөр. Австралид ашигт малтмалын баяжуулалтын чиглэлийн мэргэжилтэн ховор юм байна. Нэр хүнд өндөртэй мэргэжил гэж үздэггүй бололтой. Оюутан, бага арьстан голдуу ажилладаг проблем бас байх шиг байна.
Та аюулгүй ажиллагаатай холбоотой зүйлсийг анхааралтай ажиглан, бас санаа оноо ч авч явах шиг санагдсан?
Уул уурхайг юунд зориулах вэ гэвэл явж явж хүний төлөө л байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүний амь нас эндэхгүй, эрүүл мэнд хохирохгүй байх ёстой. Логик утгаараа бол хөдөлмөр хийсэн хүний бие яагаад муудах ёстой юм бэ? Хөдөлмөр хийснийхээ төлөө эрүүл мэнд нь мууддаг, осолд өртдөг тийм системийг бий болгож болохгүй.
Миний ойлгож байгаагаар дэлхийн уул уурхайн компаниуд дотроос “Рио Тинто”-гийн ялгарч буй маш сайн нэг зүйл нь хөдөлмөрийн аюулгүй байдлын соёлыг маш системтэй авч үздэг юм байна. Олон улсын OHSAS 18000 гэж стандарт бий. Энэ стандартыг компанидаа маш сайн нутагшуулж чаджээ. Магадгүй, олон улсын энэ стандартыг туг нь болж мандуулж буй компани гэж мэдрэгдэж байна. Компанийн удирдлагын менемжент нь, юун түрүүн чанарын удирдлагын тогтолцооны стандарт ISO 9001, байгаль орчны удирдлагын стандарт ISO 14001, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндтэй холбоотой OHSAS 18001 гэсэн гурван стандартын нийлбэр юм. “Рио Тинто” компани удирдлагын ойлголтдоо хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг маш чухал хэсгээ гэж үзэж, хандаж байна. Ажилчнаасаа аваад хамгийн том даргаа хүртлээ.
Гэтэл Монголд яадаг билээ. Хөдөлмөр хамгааллын ажилтанд, эсвэл даргадаа хийж өгч байгаа юм шиг л ханддаг. Даргад ч бас тэр сонин биш. Тухайн хүний гарын үсэг л хэрэгтэй. Осолд ороод үхэхэд гомдолгүй гэсэн гарын үсгээ зурчихсан шүү дээ гэх байдлаар ханддаг. Угтаа бол хүнийг осолд оруулахгүйн төлөө, эрүүл мэндийг нь хохироохгүйн төлөө юу ч хийдэггүй систем өнөөдөр Монголд үйлчилж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль 2008 онд гарснаас хойш дөрвөн жил боллоо. Мундаг сайн биш ч боломжийн хууль. Харин хэрэгжүүлэхийн төлөө манай төр засаг ч, компаниуд ч маш хангалтгүй ажиллаж байгаа. Бид ажлаа хийхгүй байгаа. Хүний амь үрэгдсэнээс болж ямар ч дарга шоронд суугаагүй. Үүний цаана монгол хүний эрүүл мэнд, амь нас үнэгүй байгаа нь харагдаж байна.
Хөгжилтэй орны уурхайд хүний амь нас, эрүүл мэнд хохирвол ажилтны даатгал маш өндөр. Олон зуун мянга, магадгүй олон зуун саяар тоологдох төлбөр төлөх болдог. Улмаар эдийн засгийн энэ өндөр төлбөрийг даахгүйгээс компани дампуурдаг маш олон жишээ байна. Чилид 33 уурхайчин газрын гүнд дарагдахад Ерөнхийлөгч нь очоод бараг л зохион байгуулах шахам байж, 45 хоногийн дотор гаргаж ирсэн. Дараа нь юу болсон гэхээр тэр компани дампуурсан. Персийн буланд нефть асгасан компани дампуурсан.
Гэтэл Монголд хүний амь нас, эрүүл мэндийг хохироосны төлөө ямар компани дампуурсан билээ. Иймээс Монголд хүний амь нас, эрүүл мэндийг маш сайн үнэлгээтэй болгох асуудал чухал байгаа юм. Монголын төр даатгалын хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол болохгүй байна. Монголд ажлын байран дээр амь насаа алдсан хүний даатгалд дээд тал нь 13 сая төгрөг өгдөг. Энэ бол хэтэрхий хямдхан үнэлгээ. Хөдөлмөр хамгаалалд төр та зөв бай, компанийн удирдлага та зөв бай, ажилтан та өөрөө зөв бай гэсэн асуудал тавигддаг. Манайд аюул ослын 60-70 хувь нь ажилтнаас өөрөөс нь, хувь хүний хүмүүжлээс хамаарсан байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ерөөс зөв хандлагын тухай хичээлийг цэцэрлэгээс эхлээд заахгүй бол монголчууд бид хүмүүжилгүй ард түмэн болчихоод байна. Уул уурхайн нэр хүндийг унагадаг цөөхөн хэдэн асуудал бий. Түүний нэгдүгээрт, монгол хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал байна гэж би хардаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд шат шатандаа сайн ажиллахгүй бол уул уурхайн нэр хүнд улам л унасаар байх болно.
“Рио Тинто”-гийн ажилчдын ажил хийж байгаа соёлыг харахад зөв хүмүүжил, зөв соёл мэдрэгдэж байна. Энд ирээд хөдөлмөрийн аюулгүй байдлын маш зөв хандлагатай болж байна, Монголд байхдаа сайн ойлгодоггүй байж гэж Монголоос ирсэн залуу ярьж байна шүү дээ. Маш зөв үгээр товчхон цэгцтэй ойлгуулсан самбарууд энд тэндгүй харагдаж байна. Далд уурхайд, засварын газрын хажууд “Энэ машин дээр миний аав ажиллаж байсан учраас би аюулгүй ажиллах ёстой” гээд нэрээ бичсэн байх жишээтэй. Оросууд “хөдөлмөр хамгааллын дүрэм журам хүний цусаар бичигдэж, нулимсаар арчигдсан байдаг” гэж хэлдэг. Үнэхээр ч тийм.
Уул уурхайн нэр хүндийг унагаж байгаа хоёрдахь асуудал байгаль орчинтой холбоотой. Зөвхөн байгаль орчин гэлтгүй орчинтойгоо харьцах харилцаатай холбоотой. Уул уурхай гэхээр л манайд утаа гарч, тоос босч байх ёстой юм шиг ойлгох гээд байна шүү дээ. Гэтэл тийм биш. Уул уурхайн компани орчноо судлах ёстой. Нортпаркесийн уурхай гэхэд орон нутгийн иргэд нь газар тариалан, фермерийн аж ахуй түлхүү эрхэлдэг учраас тэдэнд туслахын тулд өөрсдөө ч газар тариалан эрхэлж, 4000 гаруй га газар будаа тариа тарьж байна. Тэгэхдээ шинжлэх ухааны түвшинд аваачиж, үр шимийг нь гаргаж байна. Газар хагалахдаа JPS ашиглаад, ингэж хийцгээ гээд зааж өгч байна. Өөрсдийн үйл ажиллагаагаар нутгийн иргэдийг манлайлж байна шүү дээ. Тэр бүхэн нь нутгийн иргэд уурхайн хооронд ойлголцол, сайхан харилцааг үүсгэдэг юм байна.
Долоо хоногийн дараа ойр орчмын нутгийн иргэдийг цуглуулаад газар тариалан хэрхэн эрхэлж байгаа туршлагаа хуваалцана гэж байна. Энд нийгмийн хариуцлагын асуудал яригдаж байна. Нийгмийн хариуцлага гэдэг нь тэр компанийн тухай нийгэмд, иргэдэд ямар ойлголт бий болсныг л харуулж буй зүйл. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн талаар зах дээр суугаа хоёр эмгэн сайн хэлж байна уу, муу хэлж байна уу. Хүмүүсийн, ялангуяа орон нутгийн иргэдийн бодож байгаа зүйлийг ойлгохгүй, тэдэнд туслахгүй, нөлөөлөхгүй бол муу л хэлж таарна. Ойлголцоод дэмжиж туслаад явбал сайн хэлж таарна. Тэгвэл өмнө ярьсан менемжентийн систем буюу гурван стандартыг сайн хэрэгжүүлээд явбал бирж дээрх үнэлгээ нь нэмэгдэнэ биз дээ. Бирж дээр байдаг үнэлгээ, үнэ цэн бол гаргаж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанараас биш харилцаанаас, удирдлагын системээс ихээхэн хамаардаг юм болов уу гэж би ойлгож явдаг.
Цаашлаад Австралид үзсэн энэ уурхайн туршлагаас уул уурхайг хариуцлагатай хийж болно, хүнд ойлгомжтой үйл ажиллагаа явуулж болно, нээлттэй байж болно гэдэг нь харагдаж байна. Уурхайчин хүн зөвхөн уул уурхайгаа мэдээд зогсохгүй, хүмүүсийн харилцааг, сэтгэл зүйг ойлгодог, мэдэрдэг байх ёстой. Монголд уул уурхай хөгжөөд 90 жил боллоо. Энэ хугацаанд бид санамсаргүй бөгөөд санаатайгаар дутагдал гаргасан. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ энэ 90 жилд жишээ авч болохуйц сайн туршлага ч бий. Тэр бол Эрдэнэт үйлдвэр гэж би хэлнэ. Монголд уул уурхай хөгжсөн 90 жилийг авч үзвэл Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаас хойшхи 34 жилийн түүх нь уул уурхай боломжийн шинжлэх ухаанаар хөгжиж ирсэн түүх.
Гаргасан дутагдлаа хаяад, хажууд байгаа Эрдэнэт, Ухаахудаг, Бороо гоулдын сайн туршлагуудыг түүхийнхээ 91 дэх жил рүү аваад явах хэрэгтэй. Энэ бол ухаалаг алхам. Хүн гурван янз байдаг гэдэг. Дутагдлаа давтдаг хүнийг нь тэнэг, дутагдлаа засдаг хүнийг ухаалаг, дутагдал огт гаргадаггүй ч мэргэн хүн гэдэг юм байна. Уул уурхайг мэргэн удирддаггүй юм гэхэд ухаалаг удирдах ёстой. Нэгэнт алдаа гаргасан учраас давтаж болохгүй. Уул уурхай сайн сайхан хөгжих нь удирдлагаас л шалтгаална. “Рио Тинто”-д мэргэн нь байдаггүй юм гэхэд ухаалаг менежменттэй систем ажиллаж байна. Аливаа юм системтэй байж тогтвортой хөгжил авчирдаг. Австралид үзсэн уул уурхайд ухаалаг систем ажиллаж байна.
Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹010 дугаараас уншина уу.