Боловсролын салбарынхны урамшууллыг хойшлуулах уу?

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Боловсролын салбарынхны урамшууллыг хойшлуулах уу?

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан сая болж, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч тодорхой шийдэлд хүрч чадсангүй, хуралдааныг 40 минутаар хойшлуулж, эргэж орохоор тогтлоо.
УИХ-аас өнгөрсөн тавдугаар сард Боловсролын тухай хуулийг баталж, 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр болсон юм. Ингэснээр боловсролын салбарт ажиллагсдыг таван жил тутамд нэг удаа оношлогоо, эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах, таван жил тутамд багш нарыг улсын зардлаар мэргэжлийг нь дээшлүүлэх. Тэтгэвэрт гарах бол сум, баг, тосгон аймагт багшилж, ажилласнаас нь хамаарч 12, 24, 36 сартай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор хуульчилсан байсан юм. Гэвч санхүүгийн боломжгүйгээс шалтгаалж энэхүү заалтуудыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй тулсан тул Засгийн газраас дээрх хуульд өөрчлөлт оруулахаар болж шийдвэрлэсэн. Харин эл хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Эл хуулийг энэ хэвээр нь хүлээгээд авчихвал УИХ таван сард баталсан хуулиа таван сарын дараа хүчингүй болгох зүйл рүү явж байна. Энэ асуудлыг нухацтай авч үзэх ёстой. Орон нутагт ажиллаж байхад багш, ажилчид тэтгэмжийн асуудлыг хамгийн их асууж байгаа. Улстөрийн шийдэл гаргах хэрэгтэй, гишүүдэд жижиг асуудал мэт харагдаж байж болох ч цаанаа маш том асуудал үүсгэж болох талтай. Хуулийг хүчингүй болгосноос үүдэлтэйгээр багш нар жагсаал цуглаандаа хүрвэл яах вэ. Тийм болохоор төслийг шууд татаж аваад, хэрэгжих хугацааг нь нэг жилээр хойшлуулах ч юм уу байдлаар шийдээд явах нь хамгийн оновчтой” гэсэн  юм. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Засгийн газар мөнгөгүй гэдгээр бүх зүйлийг хардагаа болих хэрэгтэй. Тэр тусмаа энэ удаад туслах ажилчдыг орхигдуулж хойш нь шидэж байгаа нь маш буруу. Эх үүсвэрийг гаргаж болох ямар арга зам байна, тэр бүгдийг эрэлхийлэх ёстой. Дарга нар болохоор өөрсдөө тэтгэмж урамшуулал аваад байдаг, хар борыг хийж, ачааны хүндийг үүрч яваа хэсгээ мөнгөгүй гэдгээр шалтгаалж орхигдуулж болохгүй. Дээр нь Боловсролын үйлдвэрчний эвлэлийнхэнтэй энэ асуудлаар зөвлөлдөх ёстой. Түүнээс тэдний өмнөөс энд хэдэн гишүүн ярилцаад шийдвэр гаргаж таарахгүй, энэ байдлаа засах ёстой” гэсэн юм.

Сангийн сайд Ч.Улааны тайлбараар бол Боловсролын хуулийг бүхэлд нь хэрэгжүүлэхэд 160 орчим тэрбум төгрөг шаардаж байгаа. Тийм учраас Засгийн газраас анх төсөлд дээр дурдсан зүйлүүдийг хүчингүй болгохоор оруулж ирсэн ч хэлэлцүүлгийн шатанд үе шаттайгаар асуудлыг авч үзье гэж шийдээд эхний ээлжинд сумдын багш нарт тэтгэмж олгоод бусдыг орхихоор шийдсэн. Гэхдээ бүр орхихгүй, дараагийн жилээс нь шийдээд явахаар гаргалгаа гаргаад байгаа тухай онцолсон. Ингээд саналын томъёолол бэлтгэж гишүүдээр санал хураалгах гэсэн боловч, хэзээнээс эхэлж үлдсэн хэсгийг тэтгэмжид хамруулж, шийдвэрлэх, эрүүл мэндийн үзлэг, оношлогоо эмчилгээнд эхний ээлжинд хэнийг хамруулах зэргийг тодорхой заалт бүрээр санал хураалгахгүйгээр хуулийн зөрчил үүснэ гэж үзсэнээр хуралдааныг түр завсарлуулаад байгаа юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж