Оюутолгойн татварт төлсөн мөнгийг зарлана гэв

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Оюутолгойн татварт төлсөн мөнгийг зарлана гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Үндэсний татварын газар нь уул уурхайн том компаниудаас татвараа бүрэн дүүрэн авч чаддаггүй атлаа ард түмнийхээ хармаа хотыг сайн гөвдөг болохыг санууллаа. Тухайлбал, Оюутолгой компанийн зүгээс нэг их наяд төгрөгийг улсын төсөвт оруулсан гэж рекламдаж байгаа ч татварын газраас гаргасан тайлангаар 450 тэрбум төгрөгийг л татвараар төлсөн аж. Энэ нь 2005-2012 он хүртэл төлсөн татварын дүн юм байна. Бодит байдал дээр бол “Оюутолгой” компанийн таван жилийн туршид төлсөн мөнгийг үндэсний компани жилдээ л татварт төлдөг. Нөгөөтэйгүүр, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тус компани жил бүр санхүүгийн тайлангаа гаргах ёстой. Гэвч санхүүгийн тайлангаа мэдүүлдэггүй. Тиймээс 2013 онд энэ мэт хууль биелүүлэхгүй байгаа компанитай хатуу аргаар ажиллаж, хуулиа мөрдүүлэх, татвараа үнэн зөвөөр төлүүлдэг болгох чиглэлээр ажиллах ёстойг эрхэм гишүүн анхааруулав.
Сангийн сайд Ч.Улаан дээрх асуудалтай холбогдуулж “Ирэх жилд татварын орлогыг бүрдүүлэх талд онцгой ач холбогдол өгч ажиллана. Тэр дундаа далд эдийн засгийн нөлөөллийг багасгах талд анхаарч ажиллана” гэсэн бол УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Оюутолгой компани татвар, гааль, урьдчилгаа байдлаар хэдий хэмжээний мөнгийг  төсөвт оруулав гэдгийг тодорхой болгож, олон нийтэд үнэн зөв мэдээлэл цацна. Мөн нийслэлийн гудамжаар нэг тавьсан 71х29 гэсэн сурталчилгаанд хэдий хэмжээний мөнгө “цацав” гэдгээс эхлээд бүхий л зүйлийг тодорхой зарлана” гэсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж