Дэлхийн 200 орны төлөөлөгч чуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Дэлхийн 200 орны төлөөлөгч чуулж байна

Бангкок хотод дэлхийн 200-гаад орны төлөөлөгч хуран цуглаж, өчигдрөөс эхлэн дэлхийн цаг уурын дулаарлын асуудлаар санал бодлоо солилцож, Өмнөд Африкийн Дурбан хотод удахгүй болох НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын өмнө Киотогийн протоколыг орлох шинэ баримт бичиг боловсруулан гаргах ажлаа эхэлсэн байна.

Өнгөрсөн онд Мексикийн Канкун хотод болсон уулзалтын дараа болж буй анхны хуралдаан бөгөөд Канкун хотод болсон уулзалтаар дэлхийн өндөр хөгжилтэй орнууд цаг уурын дулаарлыг бууруулах ажилд туслах зорилгоор ядуу, буурай хөгжилтэй орнуудад 100 тэрбум долларын тус дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан билээ. Мөн түүнчлэн энэхүү хуралдаанаар хамгийн бага гэхэд дэлхийн дулаарлын хэмжээг цельсийн хоёр градусаар бууруулахад чиглэсэн арга хэмжээ авах тухай амлалт гаргасан юм.

Дэлхийн дулаарлыг бууруулах асуудлаар ядуу буурай орнууд, өндөр хөгжилтэй орнуудын хооронд үүсэн гарч буй маргааныг даван туулах асуудал гол шийдвэрлэх ёстой зорилт болж байгаа ажээ.
Канад, Япон, Орос зэрэг орон Киотогийн протоколыг нэн даруй өөрчилж, бохирдол үүсгэж буй том орнуудыг өндөр хөгжилтэй, хөгжиж буй хэмээн ялган салгахгүйгээр бүгдийг нь хамруулан оролцуулах ёстой гэж үзэж байгаа юм байна.

Хятад, Энэтхэг тэргүүтэй хөгжиж буй орнууд хөгжилтэй орнуудтай нэгэн адил нөхцөл болзол тулгах нь эдгээр орны эдийн засгийн хөгжлийн эрч хүчийг сааруулах сөрөг үзэгдэл гарч болзошгүй  гэж болгоомжтой хандаж байгаа юм.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж