“Сүмтэй будрын чулуу” борлуулалтаараа тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

“Сүмтэй будрын чулуу” борлуулалтаараа тэргүүлжээ

“Интер ном” номын их дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногийн “bestseller” буюу хамгийн их борлуулалттай байгаа номуудыг танилцуулж байна. Уран зохиолын  bestseller-т Хятадын 2005 оны хамгийн шилдэг зохиолоор шалгарч, дэлхийн 31 оронд орчуулагдан гарсан “Чонон сүлд” роман он гарсанаас хойш тэргүүлсэн хэвээрээ  байгаа юм.  Харин энэхүү жагсаалтын төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойномын “Сүмтэй будрын чулуу” хос ном удаалжээ. Энэхүү номыг Р.Чойномын нэрэмжит “Өд сан” сангаас шинэчлэн  өнгөрсөн долоо хоногоос эхлэн худалдаанд гаргасан юм. Мөн энэхүү жагсаалтын зургаад зохиолч Б.Шүүдэрцэцэийг “Сэтгэлийн анир” ном шинээр орж иржээ.

Харин бусад номын “bestseller”-ыг “Амжилтын хөтөч” ТББ-аас эрхлэн гаргасан “Эртний Түвдийн залуужуулах нууц жор” ном тэргүүлсэн хэвээр байна. Эл номонд Түвдийн ард түмний, тэр дундаа буддын сүм хийдийн лам нарын хийдэг иогийн гайхамшигт дасгалуудын төгс хослолыг өнөөгийн бид хийж сурснаар нас залуу, бие эрүүл, урт удаан наслах боломжтой тухай энэ номонд өгүүлсэн байдаг. Эдгээр дасгал, зөвлөмжүүдийг дагаж мөрдсөөр хүн 20,30 насаар хэрхэн залуужсан тухай эндээс та олж уншаарай.

УРАН ЗОХИОЛЫН БЕСТСЕЛЛЕР
 
1. Чонон сүлд
 Эрхлэн хэвлүүлэгч: Монсудар хэвлэлийн газар
 
Хятадын зохиолч Зян Рунг талын малчин монгол айлд аж төрж олон жил мал хариулж, чонын бэлтрэг тэжээсэн айлынхаа малчидтай ижил дасал болон тэр л идээшин ээнэгшсэн аж байдлаа дэвсгэрлэн “Чонон сүлд” роман бичиж 2004 онд хэвлүүлсэн нь өнөөдөр дэлхийн 30 гаруй хэлнээ орчуулагдаж зохиолчийнхоо төдийгүй монгол үндэстний нэр алдрыг дуурсгасан. “Монсудар” хэвлэлийн газраас энэхүү номыг эрхлэн гаргасан нь уншигчдын таалалд нийцэж ийнхүү хамгийн хурдан хугацаанд уншигчдад хүрсэн номоор шалгарч монгол хүн бүрийн ширээний ном болж чадахуйц чансаатай бүтээл болохоо баталсан юм. Дэлхий дахинаа шуугиан тарьж, хэлнээс хэл дамжин өртөөлж, сая сая уншигчдын сэтгэлийн утсыг хөндөж орон орны ялангуяа орчин цагийн уран зохиолын шилдэг, хамгийн өндөр борлуулалттай номыг уншигчдадаа хүргэх зорилго тавьж ажилладгаараа уншигчдын танил болсон “Монсудар” хэвлэлийн газрынхан энэхүү гайхалтай номыг нэрт дуун хөрвүүлэгч Д.Болдбаатарын орчуулснаар монголчуудадаа хүргэсэн юмаа.
 
2. Сүмтэй бударын чулуу
 Эрхлэн гаргасан: Р.Чойномын нэрэмжит “Өд сан”
 
МУ-ын Төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойномын “Сүмтэй будрын чулуу” хос ном болон шинэчлэгдэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн худалдаанд гарсан. 1990 онд хэвлэгдэж хамгийн хурдан борлуулалттай эрэлттэй номоор шалгарч байсан энэхүү номыг Р.Чойномын мэндэлсэний 75 жилийн ойд зориулан гаргаж байгаа аж. Номын овор хэмжээг багасгаж ийнхүү хос болгон гаргасан бөгөөд нэгдүгээр дэвтэрт шүлэг, хоёр дахь дэвтэрт нь найраглалуудыг оруулсан байна.
 
 
3. Шинэ сар
 Эрхлэн хэвлүүлэгч: Монсудар хэвлэлийн газар
 
Энэхүү цуврал одоогоор 50 гаруй орны хэл дээр 116 сая хувь борлогдчихоод байгаа юм. Түүнчлэн дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүд уг зохиолд маш өндөр үнэлгээг өгөөд байгаа бөгөөд тухайлбал, “Шинэ Сар  таамаглахын аргагүй, ер бусын уянгын түүх” – USA Today, “Сэтгэл догдлуулсан адал явдал, уянгын гайхалтай хослол, гоц бүтээл” –VOY, “Шинэ Сар… фенүүдээ 3 дахь дэвтрийг тэсэн ядан хүлээхэд хүргэнэ” – School Library Journal гэж дүгнэсэн байна.
 
 
4. Ногоон нүдэн лам
 Зохиолч: Ц.Оюунгэрэл, Жеффри Л.Фолт
 
Зохиолч энэхүү номоо монголд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хохирогчид тэдгээрийн ар гэр, үр хүүхдэд зориулан бодит амьдралаас сэдэвлэн бичсэн ажээ. Grand book 2008, 2009 оны шилдэг номоор шалгарч, 2009 оны Азийн Уран зохиолын Мэн шагналын хагас шигшээ 24 номын нэгээр шалгарсан.
 
 
 
5. Миний амьдралын түүх
 Эрхлэн хэвлүүлэгч: Монсудар хэвлэлийн газар
 
Хиллари Родхэм Клинтон өөрийн амьдралын дурсамжаа илэн далангүй бас сэтгэл хөдлөм өгүүлжээ. Энэ бол хатуу чанд, хүчирхэг эмэгтэйн амьдралын үнэн түүх юм.
 

6. Сэтгэлийн анир
 Зохиолч: Б.Шүүдэрцэцэг
 
Энэ номд зохиолч Б.Шүүдэрцэцэгийн 27 өгүүллэгийг эмхэтгэгдсэн түүвэр зохиол юм. Энд “Удвал”, “Гэнэтийн бэлэг”,”Царай муут” зэрэг анхны өгүүллэгүүдээс гадна “Улаан пальто”, “Англи хэл”, “00-ийн дэргэдэх хаалга” зэрэг хийсвэр ертөнц, зэрэгцээ орон зайн тухай зохиолууд “Сэтгэлийн анир, “Эмээ бид хоёрын зун” зэрэг шинэ бүтээл багтсан түүвэр зохиолын дээж болно. Зохиогчийн ном бүхэн нь орчин үеийн залуусын унших дуртай ном байж “Интерном” их дэлгүүрийн шилдэг борлуулалттай номыг тэргүүлж байдаг юмаа.

7. Зуун жилийн ганцаардал
 Эрхлэн гаргасан: “Монсудар” хэвлэлийн газар
 
Колумбын алдарт зохиолч Габриэл Гарсиа Маркесийн 1967 онд бичсэн “Зуун жилийн ганцаардал” бол Латин Америкийн орнуудын шилдэг романы нэг бөгөөд Маркес энэ бүтээлийг туурвисны учир утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн билээ. Зохиолын үйл явдал Макондо хэмээх нэгэн жижигхэн хотод өрнөх бөгөөд энэ нь Колумбын түүхэн үйл явдалтай салшгүй холбоотой юм.
 
 

8. Бүрэнхий
 Зохиолч: Стефини Мэйер Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар
 
Уг зохиол англи хэл дээр хэвлэгдсэн даруйдаа сая сая уншигчийг байлдан дагуулж, нэр нөлөө бүхий сэтгүүлээс гаргадаг хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсэн байна. “Бүрэнхий” зохиолын санааг зохиолч тун санамсаргүй олжээ. Тэрбээр зүүдэндээ залуухан хос бяцхан довцог дээр гараад суучихсан чухал сэдвээр хөөрөлдөж байхыг үзсэн байна. Бүсгүй нь энгийн нэгэн, харин залуу нь ер бусын үзэсгэлэнтэй цус сорогч байсан гэнэ. Ингээд гурван сарын туршид зохиол болгон бичиж дуусгажээ.
 –  
 
9. Ширхэг цагаан сувд
Эрхлэн гаргасан: Монсудар

Энэ ном бол “Хайр”-ын бэлэг. Үе үеийн яруу найрагч, уран бүтээлчдийн хайрандаа асаж, сэтгэлээ цалгиан бичсэн шилмэл бүтээлүүдийг энэ номоос л олж унших болно. Эх орныхоо торгон хил дээр алба хааж байгаа эгэл нэгэн цэргийн үнэн сэтгэлийн үгтэй захидал эсвэл ханьтай хүнд хайртай болчихоод ухаанаа олохгүй гүйж яваа оюутан бүсгүйн зурвас, их Чойномын билэг танхай хайрын шүлэг гээд “Ширхэг цагаан сувд”-д дутуу зүйл гэж үгүй.   

10. Дэлхийн уран зохиолын 85н сод туурвил
 Эрхлэн хэвлүүлэгч : Г.Аюурзана
 
Дэлхийн утга зохиолын 2500 гаруй жилийн түүхэнд хамгаас онцгой хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн 85 сод бүтээлийн товч агуулга, үйл явдлыг уншсанаас ялгаагүй шахам түвшинд хураангуйлж, зохиол тус бүрийн дор мэргэжлийн тайлбар зүүсэн энэхүү ном нь 2002 оноос хойш Монгол улсын номын сангуудын хэмжээнд хамгийн их уншигдсан номоор шалгарсаар иржээ. Баруунд уншигчдад уран зохиолын талаар тодорхой, бодтой мэдлэг олгох, хүмүүсийг унших номоо сонгоход нь тус дэм болох зорилгоор иймэрхүү хэлбэрийн номыг ХХ зууны сүүл үеэс өргөнөөр түгээх болсон билээ.Уг номыг уншсанаар дэлхийн уран зохиолын өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн замналтай танилцаад зогсохгүй, маш сонирхолтой, дээд түвшний бүтээлүүдтэй нэгэн дор, хямд үнээр, богино хугацаанд танилцах боломжтой юм.

Бусад Бестселлер
 
 1. Эртний түвдийн залуужуулах нууц жор
 Эрхлэн гаргасан: “Амжилтын хөтөч” ТББ
 
Түвдийн ард түмний, тэр дундаа буддын сүм хийдийн лам нарын хийдэг иогийн гайхамшигт дасгалуудын төгс хослолыг өнөөгийн бид хийж сурснаар нас залуу, бие эрүүл, урт удаан наслах боломжтой тухай энэ номонд өгүүлсэн байдаг. Эдгээр дасгал, зөвлөмжүүдийг дагаж мөрдсөөр хүн 20,30 насаар залуужсан тухай эндээс та олж уншина.
 
2. Өнөөдөр амьдрах зарчим
 Эрхлэн гаргасан: “Улаанбаатар дээд сургууль”
 
Хүн бүрт амьдралаа бүтээх хүч байдаг гэж би итгэдэг. Гагцхүү үүний тулд өнөөдөртөө анхаарал хандуулах ёстой.
 

3. Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг
 Зохиогч: Нам Ин Сүг Орчуулагч: О.Оюунжаргал
 
Хорин нас бол гэнэн хонгор, хиргүй тунгалаг гэсэн пайз зүүгээстэй байдаг нас. Гэвч ажил мэргэжил, гэрлэлт, байр сууриа бэхжүүлэх зэрэг амьдралын чухал сонголтын агшинд байгаа хорин настангуудад хорин нас гэдэг бол мөрөөддөг нас биш явах зүг чигээ тогтоодог нас, хорин насандаа ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхээс их зүйл шалтгаална гэх мэт маш үнэтэй зүйлүүдийг бичсэн байна. Эмэгтэй хүн хорин хэдэн насаа хэрхэн өнгөрөөснөөс шалтгаалаад цаашдын амьдрал нь тодорхойлогддог. Өнөөдөр амьдрах зарчим Хүн бүрт амьдралаа бүтээх хүч байдаг гэж би итгэдэг. Гагцхүү үүний тулд өнөөдөртөө анхаарал хандуулах ёстой.
 
4. Оксфорд-Монсудар Англи Монгол толь бичиг
 Эрхлэн хэвлүүлэгч: Монсудар хэвлэлийн газар
 
 Дэлхийн хамгийн нэр хүндтэй Англи-Монгол толь бичиг нь ижил төрлийн толь бичгүүдээс хамгийн бүрэн төгс болж чадсан толь юм. 90 гаруй мянган үг хэллэг, 135000 гаруй орчуулга хагас сая гаруй үгийн утга, хувирал дуудлагыг багтааж албан хэллэгээс эхлээд хар ярианы үгийн сан дуудлага бичлэгийг агуулж, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн толь юм.
 

5. Oxford Англи-Монгол, Монгол-Англи өврийн толь бичиг
 Эрхлэн хэвлүүлэгч: Монсудар хэвлэлийн газар
 
 Англи хэл анхлан суралцагчид, оюутан залуус, жуулчдын хэрэгцээнд тохирсон хүмүүсийн өдөр тутмын хэрэг­цээнд тохир­сон авч явахад авсаархан толь юм.
 

6. Өглөөний хүн
 Орчуулагч: Б.Энх-амгалан
 
Өглөө эрт босох нь мянган лантай тэнцэж, харин шөнө оройн цагаар сэрүүн байх нь зуун лантай тэнцэнэ. Эрт унтаж эрт босвол өвчин гэдгийг мартана. Өглөөний хэмнэлээ өөрчлөх төдийд л…таны амьдрал гайхамшигтайгаар хувирах болно. Ном хүний амьд­ралыг өөрчилж чадах увдистай бол таны өмнө дэлгэсэн энэхүү ном тэдгээрийн нэг нь байх болно гэдэг нь гарцаагүй хэмээн амлаж олон хүний ширээний ном болсон юм. 
Цаг хугацааны боол байсан эмгэнэлт хувь тавилангаасаа ангижирч амьдралаа жолоодогч “Өглөөний хүн” болох 100 өдрийн хувьсгал! Өглөөний хэмнэлээ өөрчлөх төдийд л… таны амьдралыг өөрчилж чадах увидастай бол таны өмнө дэлгэсэн энэхүү ном тэдгээрийн нэг нь байх болно гэдэг нь гарцаагүй ээ…
 
7. Монгол их хатдын нууц
 Зохиогч: Жак Уэтерфорд Орчуулсан: А.Мөнгөнзул, С.Соёлжин
 
“Монгол хатдын түүх бол өнөөгийн улс гүрнүүдийн эх үүслийн нууц далд түүх юм” хэмээн нэн зоримог, шинэ сэргэг сонирхолтой дүгнэлт хийгээд үүнийгээ олон баримт, үйл явдлын учир холбогдлоор задлан тайлбарласан байна. “Чингис” хааны охид байгаагүйсэн бол монголын эзэнт гүрэн өнө удаанаар оршин тогтнож чадахгүй байсан” түүхийн нарийн эмзэг нууцыг бидний өмнө нээсэн энэхүү ном домогт их хатдын яруу алдарт амьдралын тухай гэрэл гэгээт хуудсууд нь монгол бүсгүчүүдэд зориулсан үгэн хөшөө болжээ. Монголын аугаа их Хатад амьдралынхаа турш гэр бүл, үндэс угсаагаа хамгаалж иржээ. Чингис хаан төр улсыг үндэслэн байгуулсан бол хатад эмэгтэйчүүд түүнийг амьдруулсан юм. Тэр хатад цаг хугацаа, сэтгэл оюунаа Хаан эцгийнхээ адилаар гүрэн улсаа байгуулахад зориулсан юм.

8. Дэлхийн түүх
 Эрхлэн хэвлүүлэгч: Монсудар хэвлэлийн газар
 
Уншигч бидний оюуны санд үнэтэй хувь нэмэр оруулж, ширээний ном болж чадахуйц “Дэлхийн түүх” хэмээх гайхамшигт номыг “Монсудар” хэвлэлийн газар Английн“Dorling Kindersley” хэвлэлийн газартай хам­тарч монгол хэл дээр хэвлэн гаргасан нь хүний мичин өвөг дээдсээсээ буюу 4.5 сая жилээс эхлээд өнөө үеийн 2007 оны үйл явдал хүртэлх мэдээллийг хамарчээ. Үе үеийг хамарсан долоон бүлэгтэйгээс гадна 7-р бүлгийн эцэст 195 улс-орны түүхийг тус бүрд нь тусгайлан авч үзсэн, зураг, үзүүлэн график бүхий том бүлэгүүдтэй.
 
 
9. Далд ухамсар бүхнийг чадна
 Зохиогч: Джон Кехо
Эмхэтгэн гаргасан: Монголын психотроникийн хүрээлэн
 
“Далд ухамсар бүхнийг чадна” номдоо таны амьдралыг аз жаргал, амжилтаар дүүргэн, өөрчилж чадах хэд хэдэн зарчмуудыг тусгасан байна. Зохиогч танд: -Далд ухамсрынхаа хүчийг эзэмших -Бүтээлч чадвараа хөгжүүлэх -өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх -өөрийн зүүдээ тайлж ойлгох -өөрийгөө анагаах -амжилтанд чиглэсэн ухамсар бүрдүүлэх -үр дүнтэйхарьцаа тогтоож, цаашид хөгжүүлэх чадваруудыг эзэмшихэд туслах тодорхой зааврыг санал болгож байна. Энэ ном их хэмжээний чухал мэдээлэл агуулсан ба Арнольд Шварценеггер, Хиллари Клинтон, Билл Гэйтс зэрэг алдартай хүмүүсийн ярьсан сонирхолтой түүхийг багтаажээ.
 
10. Монголын нууц товчоо
 Эрхлэн гаргасан: ”Мөнхийн Үсэг Грүпп” ХХК
 
Монголын Нууц Товчоо бол Монголын их хаадын угсаа гарал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг, утга соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншлын их нэвтэрхий толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, нүүдэлчний соёлын үл давтагдах хосгүй чанараараа ижилгүй товойж, үеийн үед гайхагдсаар эрин зууныг эзэлсэн их туульс, тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он дарааллын бичиг мөн. Их Монгол гүрэн байгуулагдсаныг түүхчлэн уран зохиолын хэллэгээр бичсэн, XIII зууны үеийн монголчуудын ахуй амьдралын хэв маяг, Эзэн Чингис хааны амьдралын түүхийг хойч үе бидэндээ үлдээсэн нандин бичээс юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж