Эрдэнэсийн сангийн алт арвижиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Эрдэнэсийн сангийн алт арвижиж эхэллээ

Алт олборлогч компаниу­дад хүндрэл учруулаад зог­сох­гүй улсын эрдэнэсийн санг дундрахад хүргэсэн Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болгосон билээ. Гэсэн ч алтаа тушаах гэсэн аж ахуйн нэгжүүдээс татвар нэхэж байна гэх шалтгаанаар Монгол­банкинд тушаах алтны хэмжээ эрс буураад байсан юм. Энэ нь төрийн эрх бүхий байгууллагуудын чухам алиных нь шийдвэрээс шалтгаалаад байгаа нь тухайн үедээ тодорхойгүй байв. Алт тушаалт буурч буй талаар шүүмжлэлтэй мэдээлэл гарах бүрт холбогдох байгуул­лагууд нэр цэвэр үлдэх гэж хичээж байлаа. Жишээ нь, төв банкныхан “Бид хүчин­гүй болсон хуулийн заалтаар татвар авах тухай огт яриагүй. Тэгэх учир ч байхгүй” гэсэн тайлбар хийж байсан. Харин алт олборлогч аж ахуйн нэгжүүд “Хүчингүй хуулийн заалтаар татвар төлөхгүй” хэмээн нэг хэсэгтээ л гүрийсэн. Гэвч энэ бүхний эцэст асуудал ойлгомжтой болж, маргаан цэгцрэв. Үндэсний татварын ерөнхий газраас өнгөрсөн 2009 оны наймдугаар сард “Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг ногдуулахдаа аж ахуйн нэгжийн сар бүрийн тайланг үндэслэхгүй. Алтаа банкинд тушаах тухайн үед нь тооцно” гэсэн агуулга бүхий журмаас дээрх маргаан үүдсэн аж. Уг журмаас шалтгаалан төв банкинд тушаах алтны хэмжээ төдийлөн нэмэгдэхгүй байсан учир хүчингүй болгожээ.

Ингэснээр эрдэнэсийн санд орох алтны хэмжээ эргээд нэмэгдэж эхэллээ. Энэ оны эхэнд төв банкинд тушаасан алтны хэмжээ хоёр тонн хүрэхтэй, үгүйтэй байсан. Харин сүүлийн хоёрхон сарын хугацаанд худалдан авсан алтны хэмжээ 270 кг болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 174.6 кг буюу 64.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Алт тушаалт богино хугацаанд эрчимтэй сэргэж байгаа нь олборлолтын хэмжээ­тэй огтхон ч холбоогүй. Харин холбогдох тушаал, шийдвэрийг оновчтой цэгцэлсний үр дүн хэмээн алтны компанийн төлөөллүүд хэлж байна. Хэдийгээр нэг хуулийг хүчингүй болгосон ч түүнтэй уялдаж буй бусад шийдвэр, журмуудыг давхар цэгцлэхгүй бол үр дүн гарахгүй хэрхэн цаг алддагийг дээрх жишээ тод харууллаа.       

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж