Эрүүл мэндийн сайд “metropolis”-т бүжиглэж өнжив

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сайд “metropolis”-т бүжиглэж өнжив

-Сайн байна уу. Сайд аа. Та ер нь хамгийн сүүлд хэзээ шөнийн клубт орж ингэж  бүжиглэв ээ?

-Би байнга л орж бүжиглэдэг шүү дээ.

-Тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Намайг хэн ч таньдаггүй юм. Би зүсээ хувирга­чихдаг байхгүй юу. Тэр дундаа архи, тамхигүй орчинд бүжиглэх бүр ч дуртай.
 
-Таныг байнга бүжиглэдэг гэдгийг ёстой мэдээгүй юм байна. Тэгвэл залуудаа ямар хамтлагийн дуу сонсч, аянд нь бүжиглэдэг байв?

-Тухайн үеийн залуусын сонсдогийг сонсч бүжиг­лэдэг байлаа. “Green Friday” арга хэмжээ сайхан боллоо. Архи, тамхигүй орчинд нэг үдшийг хамт өнгөрөөсөн залуустаа баярлалаа.

“Metropolis” шөнийн клубт болсон партины үеэр Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай дээрх яриаг өрнүүлсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүл мэндийг дэмжих сан, “My club” Төрийн бус байгууллага хамтран өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Green Friday” нэртэй партиг зохион байгуулсан.  Партид эрүүл, аюулгүй орчинд чөлөөт цагаа өнгөрөөх санаачилгийг дэмжин төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирсний нэг нь С.Ламбаа сайд байв. Тэрбээр архигүй бас тамхигүй орчинд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвалын хамт дуучин BX, Соёмбо нарын цоглог хэмнэлтэй дуунд бүжиглэсэн. “Засгийн газрын сайдтай шөнийн клубт бүжиглэнэ гэж төсөөлж байсангүй. Сайд цоглог юм аа” хэмээн тэнд цугларсан залуус хөөргөж байлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уг арга хэмжээнд оролцоно гэлцэж байсан ч тэрбээр ирсэнгүй. 

Шөнийн клуб гэхээр тамхины утаа хөшиглөсөн орчин, шар айраг, архинд халамцсан залуус. Үүдэнд нь архинд халамцсан залуус нэгнийгээ хоргоосон дүр зураг л төсөөлөгддөг Харин “Green Friday” парти болсон тэр үдэш “Metropolis”-т энэ бүхний аль нь ч байсангүй. Залуус алкохолгүй коктейль, тэг градустай шар айраг ууж, хамтлаг, дуучид, DJ нарын уран бүтээлийг сонсч үдшийг өнгөрөөв.  Хэн ч архинд согтож, дам тамхидалтад өртсөнгүй. Монгол Улсын Ерөнхий­лөгч Ц.Элбэгдоржийн  “Архигүй Монгол” санаачилгын хүрээнд зохион байгуулсан энэхүү арга хэмжээний гол зорилго ч энэ байв. Нийслэлийн цагдаагийн газрын Чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Баатархүүгийн хэлж буйгаар шөнө оройн цагаар залуус гэмт хэрэгт үйлдэх нь ихэссэн гэнэ. Энэ нь согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэнтэй холбоотой аж. Тэрбээр залуус архиныхаа хэрэглээг багасгавал гэмт хэргийн гаралт үлэмж хэмжээгээр буурна гэдгийг  онцолж байв. Цагдаагийн ерөнхий газрын болон нийслэлийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнийг төлөөлөн ирсэн албан хаагчид “Архины хэрэглээг багасгахад чиглэсэн дорвитой арга хэмжээг авна” хэмээн амлалаа.

Энэхүү партид хүрэлцэн ирсэн DJ Амай “Би энэ санаачилгыг дэмжиж байгаа. Тамхи татахаа болихоор шийдсэн. Архи огт  уудаггүй. Тиймээс залуусаа, “Архигүй Монгол”-ыг бий болгох ажлыг өөрөөсөө, хажууд байгаа найз нөхдөөсөө эхлүүлээрэй” хэмээн уриалсан юм. Архи, тамхигүй партид хүрэлцэн ирсэн залуус “Монгол Улсын нийт иргэдийн дунд архидан согтуурах явдал газар авсан. Төр засгаас архи, тамхитай тэмцэх, хор, хөнөөлийг нь сурталчлах арга хэмжээг авч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэхүү арга хэмжээ үүгээр битгий дуусаасай” хэмээж байв. 

Партигийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвалаас дараах асуултад хариулт авсан юм.

-Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс яагаад энэ партиг  яагаад зохион байгуулах болов?

-Бид Монгол Улсын Ерөнхий­лөгчийн санаачилгыг дэмжиж байгаа. Тиймээс үүнд чиглэсэн арга хэмжээ, хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлнэ. Эрүүл, эерэг амьдралын хэв маягийг залуусын дунд сурталчлах, эрүүл, хүчирхэг монгол хүний шинэ имижийг дэмжих,  залуусын ухамсарт архи, тамхи, мансууруулах бодисгүйгээр баярлаж болдгийг ойлгуулахад энэ арга хэмжээний гол зорилго оршиж байна. Архи, тамхигүй орчинд нэгэн үдшийг хөгжилтэй өнгөрөөж болдог юм байна гэдгийг энд цугларсан залуус ойлгож байгаа байх.

-Тэгвэл та бүхний залуусын дунд хэрэгжүүлэх дараагийн арга хэмжээ юу байх вэ?

-Ямартай ч өнөөдрийн арга хэмжээ үр дүнтэй боллоо.  Бид одоогийн залуус юу хүсдэг, юунд дуртай вэ гэдгийг судалж байна. Үүний үр дүнд залуусын дунд архи, тамхигүй орчныг бий болгох ямар арга зам, боломж байгааг тодорхойлох юм. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа шүү дээ. Энэ хуульч хуульд нэлээд өөрчлөлт оруулахыг зорьж байгаа юм. Өсвөр насныхан, залууст чиглэсэн зүйл, заалтуудад анхаарлаа түлхүү хандуулна.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж