Эрүүл болчихоод үүгээр нэг үзэгдээрэй”

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Эрүүл болчихоод үүгээр нэг үзэгдээрэй”

УИХ-ын гишүүн С.Баяр саяхан Америкаас ирсэн билээ. Тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуульд Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж, ялалт байгуулсан. Тиймээс тойргийнх нь иргэд гишүүнийхээ талаар юу ярьж байгааг сонирхлоо. С.Баяр гишүүн тойрогтоо ямар ажил хийсэн бэ, сонгогчтойгоо хэр олон удаа уулзав, хэвлэлээр дамжуулж түүнд юу хэлэх вэ гэх зэрэг асуултад Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны иргэд ийн хариулав. 

Иргэн С.Чимэд:

-С.Баяр гишүүн тойргийнхонтойгоо уулзсан уу?

-Үгүй. Ер нь уулзаж байсан юм уу. Аль дээр нэгэн цэцэрлэгт уулзалт хийж байгаа сонсогдсон. Түүнээс хойш харагдаагүй шүү дээ. Уг нь УИХ-ын гишүүд сонгогдсон тойргоороо нэг үзэгддэг дээ. Яав, ийв гэж асуудаг л юм. Гэтэл С.Баяр бол байхгүй ээ.

-Тэгвэл тойрогтоо ямар нэгэн ажил хийсэн үү?

-Би л хувьдаа мэдэхгүй юм байна. Тэгээд сонгогдчихоод л дахиж үзэгдэхээ больчихдог гишүүдийн нэг юм байлгүй. Би ер нь С.Баярыг хариуцлага муутай нөхөр гэж боддог. Үүнийг тойрогтоо хийсэн ажлаас нь харж болно. Энд юу хийсэн бэ гэж асууж байна уу. Тэгвэл би хариулъя. Юу ч хийгээгүй.

Иргэн Ч.Дээшин:

-С.Баяр гишүүн тойрогтоо юу хийснийг мэдэхгүй юм. Би энд амьдраад 48 жил болж байна. Энэ хугацаанд өнөөдрийнх шиг муу гишүүнтэй байсангүй. Байрны гадаах гудамж, хүүхдийн талбай хогондоо дарагдчихсан. Хогийн пункер байсан газар барилга баригдчихсан. Хогоо хаях ч газаргүй болчихоод байна. Хүүхдийн тоглоомын талбай гэж авах юм алга. Айлуудын орон сууцны дэргэд дуу чимээ ихтэй баар ажиллаж байна. Түүнээс нь болж шөнө унтаж чадахгүй. С.Баяр гишүүний тухайд үүгээр ирж үзэгдээ ч үгүй.

Иргэн н.Уранчимэг:

-Би энэ дүүрэгт амьдраад дөрөв орчим жил болж байна. Сонгуульд оролцож, саналаа өгсөн. С.Баяр даргын төлөө саналаа өгсөн шиг санагдаж байна. Сонгогдсоноосоо хойш манай гишүүн үүгээр ирээгүй. Иргэдтэй уулзаж байна гэж би сонсоогүй л юм байна. Том дарга хүн болохоор өөрөө мэдэж байгаа байлгүй дээ. Монгол Улсын Ерөнхий сайд байсан юм чинь хамаагүй ирж очоод байж болохгүй биз.

Иргэн Г.Дэлгэрмаа:

-Аль дээр нэг уулзалт хийж байгаа сонсогдсон. Би очоогүй. Тойрогтоо ямар ажил хийснийг нь хэлж мэдэхгүй юм. Зам тавиулсан гэж зарим хүн яриад байсан. Би тэр янзалсан замыг нь хараагүй юм байна. Угаасаа тойрогтоо байтугай Монголд ч ховорхон үзэгддэг юм биш үү. 

Иргэн Ц.Маасүрэн:

-С.Баяр дарга үргэлж гадаадад байдаг гэсэн шүү дээ. Тэнд эмчилгээ хийлгээд явж байгаа хүн чинь яаж энд ирж тойргийнхонтойгоо уулзах вэ, тийм биз дээ. Сүхбаатар дүүрэгт хийсэн ажил байгаа юм уу. Сайн мэдэхгүй байна. Манай хороо л гэхэд хогондоо дарагдчихаад СӨХ нь ажлаа олигтой хийхгүй хэцүү л байна. С.Баяр даргын хувьд бие нь өвдчихсөн юм бол одоо яах  вэ дээ. Эрүүл саруул болчихоод үүгээр нэг үзэгдчихвэл зүгээр л байна. Хөдөлмөрчидтэйгөө уулзаж, тэднийхээ санал бодлыг сонсох нь чухал. Манай дүүрэгт дахиад нэр дэвшвэл би түүний төлөө саналаа өгөх бодолгүй байгаа.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж