Буйдангаас бууж, төсвөө хэлэлцэх цаг ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Буйдангаас бууж, төсвөө хэлэлцэх цаг ирлээ

УИХ дотор юм юм болж байна. Санал зөрөлдөх сэдэв гарч гэмээнэ чуулганыхаа танхим дотор, өөд өөдөөсөө харж суугаад хэрэлдээд ч болтугай учир зүйгээ олдог байсан цаг улирав уу гэлтэй хэрэг өмнөх долоо хоногийн сүүлээр мандсан. Өвөрхангайн тойрогт МАН-ын нэр дэвшигчид архи, чихэр тарааж, сонгуулийн сурталчилгаанд насанд хүрээгүй хүүхэд гүйлгэсэн гэсэн шалтгаанаар СЕХ хуралдаж АН-ын Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэх гэснээс үүдээд УИХ дахь МАН-ын төлөөллийн гишүүд чуулганы танхимын үүдийг буйдангаар дарж суусан нь байнгын ажиллагаатай парламентын түүхэнд урьд хожид гараагүй шинэ үзэгдэл болов.

МАН-ынхан МАХН байхдаа 2000 онд УИХ-д үнэмлэхүй олонхийг авч, ардчилал алга болоход ганц дайчин ганцаардахгүйн жишээг Л.Гүндалай гишүүн харуулж цаас, даавуун дээр уриа лоозон бичин чуулганы танхимд тэмцдэг байсан тэр аргыг МАН-ын 25 өнөөдөр “зээлж” аваад буйдантай суултдаа хэрэглэж үзлээ. УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан М.Энхболд, С.Батболд, төрийн сайд байсан эрхмүүд буйдан дээр эгнэж, өвөр дээрээ лоозон тавьсан шиг ээ, зарим нь iPad-аар “эрхэлж” хоёр өдрийг барсан. Төрийн өндөрлөгт байсан эрхмүүд хоёр суудлын төлөө УИХ-ын чуулганы танхимыг хаачихаад төсөв, мөнгөний бодлогын хэлэлцүүлгийг саатуулах нь ямар учиртай ч байсан юм. АН-ынхан танхимдаа ороод учраа хэлэлцье гэснийг МАН-ын гишүүд хүлээж аваагүй. “Та нар танхимд орвол хүч түрээд намын хоёроороо тангараг өргүүлчихнэ” гээд халгаагаагүй. Бүр “Хонхны дуу”-г ардчилагчдад буцаан зориулсныг яана.

Тэгж суухаар хуралдаандаа оролцоод “Тангараг өргөх асуудлыг хойшлуулъя. Төсвөө ярья” гэж зүтгэж болоогүй л юм байх. Сонгуулийн маргаан, буйдантай суудалтай давхцаад төр барилцаж байгаа намуудын тар танигдаад ирсэн. МАХН уг угшлаа дагаад МАН-ын талд оров. Бие даагч гишүүд ч МАН-ыг дэмжихээ илэрхийллээ. “Шударга ёс” эвслийн нэг тал болсон МҮАН бас л удмаа дагаад АН-ыг дэмжив. Харин хэзээнээсээ бөөрөнхийлж сурсан ИЗНН-ынхан хар цагаан дуугүй. Хүчнүүдийн талцаан болж гэмээнэ хэн хэнийг дагахыг харуулаад өглөө.
Гэхдээ энэ утгагүй байдал удаан үргэлжлэлгүй цэг тавигдах нь ойлгомжтой боллоо.  Хаалга таглаж сууснаар хэн нэг нь хожно гэж юу байх вэ. Дулаан газар буйдандах ч яахав, ирэх жилийн төсөв, мөнгөний асуудал оройтвол буйданчдыг дээш залж өгсөн сонгогчид л хөдөө гадаагүй зутарна. Дээр нь төсвөө хугацаанд нь баталж чадахгүй бол УИХ өөрөө тарж бүлэг байтугай бүрэн эрхгүй болж хоцорно. Ядахдаа энэ жил улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталдаг болсныг хэлэх үү. 

АН, МАН-ын аль нь ямар аргаар гацаанаас мултрах вэ гэж толгойгоо өвтгөж суутал намуудын талцал, парламентын гацаанаас гарах гарцыг Монгол Улсын Ерөнхийлөгч зурж заагаад өглөө. Хил хязгаараа эргээд ирсэн Ерөнхийлөгч МАН-ынхантай уулзаж хоёр л зүйлийг хэлсэн нь байдлыг мухардлаас гаргах сэжим болж өгөв. УИХ-ыг гацаанаас гаргахын тулд УИХ-ын тухай, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг Ерөнхийлөгч санаачилж өргөн барихад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Хэрэв тэгвэл “УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор УИХ дахь намын бүлгийг байгуулсныг зарлана” гэсэн МАН-ыхны өөрсдөө санаачлаад өөртөө чөдөр болгочихсон явцуу хуулийн заалтыг өөрчилж МАН бүлэгтэй болох гарц нээгдэх бололтой. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч төсөв хэлэлцэх ажлаа түргэлэхийг эрхэм гишүүдэд даалгалаа. Ямар ч байсан буйдангаасаа бууж төсвөө ярьж бүлгээ байгуулах гарцыг Монгол Улсын Ерөнхийлөгч зааж өгөв. АН-ынхан ч Г.Батхүү, Д.Зоригт нараар тангараг өргүүлэх ажлыг  хойшлуулжээ. Өнөөдрөөс МАН-ынхан буйдангаасаа бууж, АН-ынхан гэдийхээ татаж төсөв байгуулах ажилдаа шуудран орохоор боллоо.

                          тоймч Д.ОЮУНЦЭЦЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж