
Шинэ Засгийн газар байгуулагдснаар улс орны ирэх жилүүдийн бодлогыг тодорхойлох хүрээнд яамд, агентлагууд мөн бодлого, чиглэлээ шинэчлэн буй. Энэ хүрээнд нийгмийн даатгалын салбарын цогц асуудлыг хэлэлцэх “Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл” үндэсний чуулган Төрийн ордонд маргааш эхлэх гэж байна. Чуулган 10 дугаар сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх” төсөл, Эрүүл мэндийн санхүүжилтийг дэмжих олон улсын сүлжээ, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран зохион байгуулж, гадаад, дотоодын мэргэжилтнүүд оролцох юм. Чуулганыг нээн ХАХНХ-ын Сайд С.Эрдэнэ, УИХ-ын дарга З.Энхболд, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Герман улсын элчин зөвлөх бөгөөд дэд тэргүүн Ноён Клаус Венделвергер, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Р.Виват нар нээн, үг хэлэх ажээ.
Ийнхүү хоёр өдрийн турш Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн зорилтууд, энэ салбарын олон улсын чиг хандлага, шинэчлэлийн хэлбэрүүд, “Эрүүл мэндийн даатгалын урт хугацааны стратегийн баримт бичгийн төсөл”-ийн талаар цогцоор нь хэлэлцэх юм байна.
У.БОЛОР