Гол мөрний мөсөн дээгүүр зорчихийг хориглов

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Гол мөрний мөсөн дээгүүр зорчихийг хориглов

Булган аймгийн Засаг дарга мөсөн дээгүүр зорчих хөдөлгөөнийг  түр хугацаагаар зогсоохоор захирамж гарган түүнийг хэрэгжилтэд хяналт тавихыг мэргэжлийн хяналт, онцгой байдал, тээвэр авто замын газрын дарга нарт үүрэг болголоо.

Сүүлийн өдрүүдэд огцом дулаарснаас тус аймгйин нутаг дэвсгэр дэх гол мөрөн, нуур цөөрмийн мөс уясан хэврэгшиж, нимгэрээд байгаа аж. Түүнчлэн  гол мөрний  мөс олон жилийн дундаж хэмжээнд хүрч зузаараагүй тул зорчих хөдөлгөөн хийхэд осолтой боллоо хэмээн аймгийн ус, цаг уур, орчны шинжилгээний хэлтэс, онцгой байдлын газрын мэргэжилтний дүгнэлт гаргажээ. Энэ талаар аймгийн Онцгой байдлын газрын дарга, тэргүүн ахмад Д.Ууганбаяраас тодруулахад “Захирамжаар Сэлэнгэ, Эг, Тарвагатай, Орхон, Туул, Хануй зэрэг томоохон гол мөрний мөсөн дээгүүр зорчихыг хориглосон. Энэ шийдвэрийг зөвхөн авто тээврийн хэрэгслээр төдийгүй морь, ердийн хөсөг болон явганаар зорчих иргэд дагаж мөрдүүлэх болно. Мөн мал, амьтны хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр хязгаарлан хяналт тавих хэрэгтэй гэж үзсэн. Манай аймгийн нутаг дэвсгэрт 390 гаруй гол мөрөн байдаг. Тийм учраас захирамжид нэр зааснаас бусад орон нутгийнхаа том жижиг голоор зорчих хөдөлгөөнд болгоомжтой, сонор сэрэмжтэй байх нь зүйтэйг ард иргэдэд анхааруулан сэрэмж өгөөд байна” гэв.

    Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж