Иргэдийн газар өмчлөл, бүртгэлийг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Иргэдийн газар өмчлөл, бүртгэлийг сайжруулна

АНУ-ын Засгийн газраас Монголын мянганы сорилтын сангаар дамжуулж зургаан төрлийн төсөл хэрэгжүүлж буй билээ. Монголын мянганы сорилтын сангаас 285 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээс 15.7 сая ам.долларыг хөрөнгийн эрхийн төсөлд зориулах ажээ. Ингэхдээ 2008 оноос эхэлсэн бөгөөд таван жилийн хугацаатай буюу  2013 оны есдүгээр сар хүртэл үргэлжлэх юм. Энэ нь улсын бүртгэл болон иргэдийн газар өмчлөлтэй холбоотой асуудлуудыг нэг цэгт зангидаж, уялдаа холбоог хангах зорилготой төсөл бөгөөд нийслэлийн дүүргүүд болон бүсийн найман тулгуур төв /Арвайхээр, Зуунмод, Чойбалсан, Өндөрхаан, Дархан, Эрдэнэт, Ховд, Улиастай/-д хэрэгжүүлэх юм.

Иргэдийн өмчилсөн газар нь урт хугацааны туршид улам бүр үнэ цэнээ хадгалах баталгаатай үл хөдлөх хөрөнгө болж, иргэд газраа эдийн засгийн эргэлтэд оруулах замаар амьжиргааны төвшнөө дээшлүүлэх шаардлага бий. Тиймээс энэ төслийг хэрэгжүүлж, иргэдийн өмчийг бүрэн бүртгэлжүүлснээр өмчийн харилцааг цэгцлэх, Монголын эдийн засгийн өсөлтийг эрчимтэй хөгжүүлэхэд түлхэц болох учиртай гэдэг. Энэ талаар Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга Т.Нэргүйтэй ярилцлаа.

-Манай улсын бүртгэлийн газар иргэдийн өмчийн бүртгэлийн тал дээр дутмаг байдаг гэсэн шүүмжлэл бий. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Манай улс газар өмчлөл, эрхийн бүртгэл нь газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар Улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн хоёр тусдаа байгууллага хариуцдаг. Тухайн байгууллагын уялдаа холбоо муу байдгаас нэг материалыг олон дахин бүрдүүлэх хугацаа алдах зэргээр иргэдэд хүндрэлтэй байдаг тал бий.

-Тэгвэл энэ тал дээр төсөл хэрэгжүүлснээр байдлыг хэрхэн засах юм бэ?

-Тэгэхээр хөрөнгийн эрхийн төслийг нийслэлийн дүүргүүд болон бүсийн тулгуур найман төвд хэрэгжүүлж байна. Хотоос зайдуу амьдран суудаг иргэд заавал нийслэлийн захиргаа, бүртгэлийн хэлтэстээ хандалгүй хажуунаасаа өмчийн харилцааныхаа бүхий л асуудлыг нь шийдэх боломжийг олгож, улсын бүртгэлд бүрэн хамруулна. Үүний тулд бүртгэлийн энэ үйлчилгээг цахим орчинд шилжүүлж байна. Энэ нь олон шат дамжлагыг халах, нүсэр олон цаасанд дарагдахаас зайлсхийж, цаг хугацаа хэмнэх гээд олон ач холбогдолтой юм.

-Үүнээс ямар үр дүнг хүлээж байна вэ?

-Газар эзэмших хүсэлтэй иргэд мэдээлэл дутуу, хүсэлтээ гаргасан ч материалаа бүрэн бүрдүүлээд хаана хандахаа мэдэхгүй байх зэрэг дутагдлаас болж энэ хоёр асуудал цаг хугацааг элээн орхигдож үлдэхээргүй болно. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан арилжааны зээл өсч, өртөг, хүү буурах, газрын маргаантай асуудал багасч, үнэ цэнэ нэмэгдэх, хөрөнгийн бүртгэлийн олон шат дамжлагыг халах юм.

-Иргэд газраа өмчилж, бүртгүүлэхийн тулд ямар материал бүрдүүлэх хэрэгтэй вэ?

-Иргэд  газар өмчлөх хүсэлтээ гэрээлэгчээр дамжуулан холбогдох төрийн байгууллага буюу аймаг, дүүргийнхээ бүртгэлийн хэлтэст гаргана. Гэрээлэгч нь иргэний хашааны газрын эрхийн хэлбэрийг тодорхойлно. Бүрдүүлэх материал нь иргэний үнэмлэхний хуулбар, кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй бол эх хувийг гэрээний хамт, Засаг даргын газар өмчлүүлэх тухай захирамж, шийдвэртэй бол эх хувийг, хянан баталгааны хуудас авчирч, мөн өргөдлөө бичнэ.

-Гэрээлэгч гэж хэнийг хэлээд байна вэ?

-Хөрөнгийн эрхийн төслийг хэрэгжүүлэхийн тулд Монголын мянганы сорилтын сан төслийг өөр компанитай хамтран гүйцэтгэнэ. Тэгэхээр энэ хамтран гүйцэтгэх компанийн ажилтныг л гэрээлэгч гээд байгаа юм. Гэрээлэгч зориулалтын хувцас, таних тэмдэгтэй байх ба өөрийгөө бүрэн танилцуулах учир ямарваа асуудал үүсэхгүй, иргэнийг бүртгэлийн хэлтэст холбож өгөх хүн нь байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж